Монгол Улс Азийн 6 оронд бараа гаргахад татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-21 17:41:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” (Asia pacific trade agreement (APTA)-ийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монгол Улс тус хэлэлцээрт өнгөрсөн оны 9 дүгээр сард нэгдэн орж, олон улсын энэхүү хэлэлцээрийн 7 дахь гишүүн орон болсон юм. Ингэснээр манай үндэсний үйлдвэрлэгчид дээрх хэлэлцээрт багтдаг 6 орны зах зээлд 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргахад татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болоод буй.

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улсаас гадна БНХАУ, БНСУ, Энэтхэг болон Лаос, Бангладеш, Шри Ланка зэрэг бүс нутгийн хөгжиж буй 6 улс нэгдсэн юм. Тиймээс энэхүү хэлэлцээр нь манай дотоодын үйлдвэрлэгчдэд 3 тэрбум орчим хэрэглэгчтэй, эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж буй дээрх орнуудын зах зээлд нэвтрэх үүд хаалга болж байна. Бүс нутгийн эдгээр орон Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67 хувийг эзэлдэг байна.

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” нь Монгол Улс нэгдсэн орсон анхны бүс нутгийн худалдааны хэлэлцээр гэдгээр онцлог. Тус хэлэлцээр нь гишүүн орнуудын үйлдвэрлэл, худалдааг өргөжүүлж, тэдгээрийн эдийн засгийг дэмжих, либериалчилах, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэх, гишүүн орнуудын хооронд худалдааны татвар болон татварын бус худалдаатай холбоотой саад чирэгдлийг багасгах зорилготой юм.

Хэлэлцээрт нэгдсэн орж хэрэгжүүлснээр манай үйлдвэрлэгчид:

  • БНХАУ-ын зах зээлд зэс, нүүрс, ноос, ноолууран болон савхин хувцас зэрэг 2323 бараанд 10-100 хувь татварын хөнгөлөлт эзлэх боломжтой.
  • БНСУ-ын зах зээлд эм, эмийн болон барилгын зарим нэр төрөл, нүүрс, ноос ноолуур зэрэг 2902 бараанд 10-50 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
  • Харин Энэтхэг улстай харилцан хөнгөлөлт олгож эхлэх товыг тохирсоноор 3253 бараанд мөн 10-100 хувийн, Лаос улстай 1081 бараанд 10-35 хувийн татварын хөнгөлөлт тус тус эдлэх боломжтой.
  • Мөн Шри Ланк улсын зах зээлд 568 нэр төрлийн бараанд 5-50 хувийн, Бангладеш улсын зах зээлд 608 бараанд 10-70 хувийн татварын хөнгөлөлт эдлэх юм.

Харин манай улс хэлэлцээрийн дагуу дотооддоо үйлдвэрлэдэггүй, далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс, ногоо зэрэг 366 бараанд ногдуулах татварыг 30 хүртэл хувиар бууруулах үүрэг хүлээж байна.


Ташрамд мэдээлэхэд, Монгол Улс АРТА-гаас гадна Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+ийн хүрээнд 7200 бараа, бүтээгдэхүүнийг Европын холбооны нэгдсэн зах зээлд гаргахад татварын хөнгөлөлт эзэлдэг. Мөн Эдий засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай үйлдвэрлэгч нар 9300 бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлтийг Япон улсын зах зээлд эзэлдэг байна. 


Холбоотой мэдээ