Эквадорын Ерөнхийлөгчийг “Пандорагийн баримт бичиг”-тэй холбогдуулан шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-22 11:44:12

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Эквадорын Ерөнхий прокурорын газраас Ерөнхийлөгч Гильермо Лассогийн нэр “Пандорагийн баримт бичиг”-т дурдагдсантай холбогдуулан урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүллээ гэж тус улсын “El Comercio” сонин мэдээлжээ. 


Тус сонинд мэдээлж буйгаар, Гильермо Лассо татварын хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хяналтын байгууллага шалгах аж. Ийм ажиллагаа эхлүүлэх санаачилгыг ерөнхийлөгчийн сонгуульд түүний өрсөлдөгчдийн нэг байсан Яку Перес гаргасан байна.


Лассо өнгөрсөн хугацаанд 14 оффшор компанийг удирдаж байсан бөгөөд ихэнх нь Панамд бүртгэлтэй компаниуд байсан гэж Эквадорын “El Universo” сонин “Пандорагийн баримт бичиг”-ээс эш татан мэдээлжээ. 2017 оны 12 дугаар сард тэрбээр өөрийн хөрөнгийг Өмнөд Дакота дахь хоёр итгэмжлэгдсэн компанид шилжүүлсэн бөгөөд үүнээс гурван сарын өмнө Эквадорын парламент төрийн албан хаагчдыг “татварын диваажин улсад” хөрөнгө эзэмшихийг хориглосон хуулийг баталсан байна.


"ICIJ" буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Пандорагийн баримт бичиг” оффшор хөрөнгийн тухай баримтуудыг дэлгэсэн билээ. "ICIJ"-ийн нийтлэлийн талаар тайлбар хийхдээ Эквадорын төрийн тэргүүн урьд нь үнэхээр ийм пүүсүүдийг эзэмшдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд, эдгээр компаниас тэр даруй салсан гэдгээ, мөн өмнө нь олон нийтэд энэ талаараа мэдэгдэж байснаа цохон тэмдэглэжээ. 


Холбоотой мэдээ