Арьс, шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг 20-30 хувь хямд үнээр борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-24 16:36:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2021” уламжлалт үзэсгэлэн-худалдаа “Мишээл Экспо” төвд гарч байна. ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн-худалдаа 2006 оноос эхлэн энэ жил 15 дахь удаагаа болж байна.

Энэ оны хувьд үндэсний үйлдвэрүүд хэдийгээр коронавируст цар тахалд их, бага хэмжээгээр нэрвэгдэж ирсэн ч улс орны эдийн засгийг дээшлүүлэх үүднээс ажлын байраа хадгалан, тогтвортой ажиллах хариуцлагатай үүргээ биелүүлж ирлээ. Үүний хажуугаар уламжлалт үзэсгэлэн худалдаагаа тасралтгүй зохион байгуулж буйг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ноос, ноолуур хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр онцолж байна.






Энэ жил ноос, ноолуураас гадна чанар, загвар, өнгө үзэмж сайн, сарлагийн хөөвөр, хонины ноосоор хийсэн шинэ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаа нь олзуурхууштай бөгөөп энэ удаагийн үзэсгэлэн-худалдааны гол онцлог болж байна. 




Тэрээр, ноос, ноолуураас гадна сарлагийн хөөвөр, хонины ноосон шинэ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаа нь олзуурхууштай гээд энэ удаагийн үзэсгэлэн-худалдааны гол онцлог болж байгааг хэлэв. Энэ жилийн үзэсгэлэн-худалдаанд “Мон Ирээдүй”, “Говь”, “Агни”, “Булигаар”, “Дархан нэхий” зэрэг үндэсний 80 гаруй үйлдвэр, ААН, хоршоо оролцож бүтээгдэхүүнээ 20-30 хувь хямд үнээр борлуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, КОВИД-19 халдварын цар тахлын нөхцөл үндэсний үйлдвэрлэгчид амаргүй байдалд ажиллаж ирсэн ч одоо үйлдвэрлэл, эдийн засаг сэргэж, Монгол Улс ноос, ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дээр тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэн барьж ажиллаж буйг тэмдэглэж байлаа. 


Арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдаа хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.







Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ