АНУ-ын цэргүүд Тайваньд байгаа нь нотлогдов

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-10-28 10:03:46

МОСКВА. /RIA Novosti/. Тайванийн армийг сургахаар Америкийн цэргүүд тус арал дээр байгаа гэдгийг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь "CNN" агентлагт ярилцлага өгөхдөө баталжээ.


АНУ-ын цөөн тооны цэрэг Тайванийн хуурай замын цэргийн хүчнийг сургахын тулд дор хаяж нэг жил Тайваньд нууцаар байрлаж байгаа гэж "The Wall Street Journal" сонин өмнө нь Америкийн албаны хүмүүсээс эш татан мэдээлсэн байна.


“Бид АНУ-тай манай батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний хамтын ажиллагаатай. Хүмүүсийн бодож байгаа шиг тийм олон цэрэг байхгүй" гэж Тайванийн тэргүүн арал дээр хэдэн америк цэрэг байгаа талаар асуухад хариулжээ.


Тэрбээр мөн Хятадтай сөргөлдсөн нөхцөлд Тайванийн захиргаа АНУ-аас дэмжлэг авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 


1979 оны АНУ-ын хуулинд "нэг Хятад" зарчмыг дэмжсэн боловч Тайваньд АНУ цэргийн тусламж үзүүлнэ гэж заасан байдаг аж. 


Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы арми Тайвань руу зугтан гарсны дараа БНХАУ-ын төв Засгийн газар болон түүний арлын улсын хоорондын албан ёсны харилцаа 1949 онд тасарсан. Тайвань, эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэжээ. 1990-ээд оны эхэн үеэс талууд Тайванийн хоолойгоор дамжуулан харилцааг хөгжүүлэх Бээжингийн нийгэмлэг, Тайбэйн солилцооны сан зэрэг төрийн бус байгууллагуудаар дамжуулан холбоо тогтоож эхэлсэн байна.


Холбоотой мэдээ