"Арван ямаа”-ны Г.Дунбүрээд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэнг нээлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
uransolongo49@gmail.com
2021-10-28 17:11:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, УЭ-ийн шагналт зураач Г.Дунбүрээгийн "Миний ертөнц” үзэсгэлэнг өнөөдөр Монголын уран зургийн галерей /МУЗГ/-д нээв.


Тус үзэсгэлэнд зураачийн 1961 оноос хойш бүтээн туурвисан Монголын Их хүрээ хийд болон түүхэн аж байдал, байгалийн сэдэвт, таталбар зэрэг 100 гаруй уран бүтээлийг дэлгэжээ.




Нээлтийн үеэр МУЗГ-н захирал Б.Сарантуяа хэлэхдээ, “Зураачийн ихэнх шилдэг бүтээл нь манай галерейн сан хөмрөгт хадгалагддаг. МУЗГ 2019 оноос хойш ахмад уран бүтээлчиддээ зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн. Тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн МУУГЗ зураач Г.Дунбүрээгийн "Миний ертенц" хүндэтгэлийн үзэсгэлэнг толилуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь сууршмал соёлд төлөвшсөн “Их хүрээ” хот өдий болтол хэрхэн хөгжиж ирснийг харуулсан юм” хэмээн онцолсон юм.


Мөн түүний бүтээл АНУ, ОХУ, Чили, Солонгос, Франц, Япон, Вьетнам зэрэг олон улс орны урлаг сонирхогчдын сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх болжээ.




Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, УЭ-ийн шагналт зураач Г.Дунбүрээ, “Бүтээл бүрдээ Монголын түүх соёл, ахуй амьдралыг тусгахыг зорьдог. Монгол, Европ зургийн аргыг хослуулан егөөдөл, ёгтлолын шог хошин байдлын дүрслэлээр илэрхийлж зурдаг. Мөн залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд судалгаа маш сайн хийж байх хэрэгтэй. Судалгаа сайн хийсэн зураг амьд болдог” хэмээв.


Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 3-ныг дуустал МУЗГ-д Монголын хуучин нийслэлийн мартагдсан дүр төрх, түүний урлаг дахь дотоод ертөнцөөр аялуулах болно.




Нэмж дурдахад, 1960-аад оны Монголын дүрслэх урлагийн хамгийн том ололт нь модерн уран зураг байлаа. 1968 онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Залуу уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэн тавигдсан түүхтэй. Үзэсгэлэнд Г.Дунбүрээ "Арван ямаа” хийсвэр сэтгэлгээний бүтээлээрээ оролцсон нь “Хөрөнгөтний урлагийг сурталчиллаа” хэмээн шийтгүүлж байсан хэдий ч хожим Монголын модерн уран зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.











Холбоотой мэдээ