Японы шинэ Ерөнхий сайд хэвлэлийн хурал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-22 09:40:39

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 22 /Kyodo/. Японы Засгийн газар амьжиргааны өртөг нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн урамшууллын багц боловсруулна гэж тус улсын шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэ мягмар гарагт мэдэгджээ.  


Тухайн өдрийн өглөө Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон Т.Санаэ хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ээлжит бус сонгууль явуулахын тулд Төлөөлөгчдийн танхимыг хугацаанаас өмнө тараана гэдгийг үгүйсгээд, түүний удирдсан цөөнхийн засгийн газар эдийн засгийн бодлогыг эн тэргүүнд чухалчилна гэж мэдэгдсэн байна.


Өдгөө 64 настай шинэ Ерөнхий сайд Засгийн газрын анхны хуралдааны үеэр сайд нар, холбогдох албан тушаалтнуудад урамшууллын багц боловсруулахыг үүрэг болгосон гэдгийг эх сурвалж мэдээлжээ. 


Т.Санаэ “сөрөг хүчний намуудын санал бодлыг сонсох” замаар шатахууны түр зуурын татварын хэмжээг ойрын үед цуцалж, татвар ногдуулахгүй орлогын босгыг одоогийн 1.03 сая иенээс /6800 ам.доллар/ нэмэгдүүлэхээ амласан байна.


Эдийн засгийн арга хэмжээнүүд нь “хүмүүсийн цэвэр орлогыг нэмэгдүүлэх, өрхийн ачааллыг бууруулах зорилготой” гэдгийг Т.Санаэ хэлээд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өндөр татварын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлах болно гэдгээ нэмж хэлжээ.


Түүний Либерал ардчилсан нам /ЛАН/ болон шинэ түнш Инновацын намтай байгуулсан эвсэл парламентын хоёр танхимд олонх болж чадаагүй тул консерватив үзэлтэй Т.Санаэ улс төрийн тогтвортой байдлын хангахын тулд хамтран ажиллахыг бусад намуудад уриалсан байна.


Тэрбээр хэлэхдээ, сөрөг хүчний намуудын бодлогын саналууд нь ЛАН-ын саналуудтай зөрчилдөхгүй бол засгийн газар тэдгээрийг “уян хатан” байдлаар хүлээн авахад бэлэн байна гэлээ.


Дипломат ажиллагааны тал дээр Т.Санаэ хэлэхдээ, энэ амралтын өдрүүдэд Малайзад болох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалтууд болон энэ сарын сүүлчээр Өмнөд Солонгост болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр бусад орны удирдагчидтай уулзана гэдгээ дурджээ.


Д.Трампын ирэх долоо хоногт Японд хийхээр төлөвлөж буй айлчлалын талаар Т.Санаэ хэлэхдээ, санал бодлоо илэн далангүй солилцох замаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй итгэлцлийн гүнзгий харилцаа тогтооно гэж найдаж байна гэв.


Дипломат ажиллагаа, батлан ​​хамгаалахын асуудлаар хатуу байр суурьтайгаараа алдартай Т.Санаэ Засгийн газар аюулгүй байдлын үндсэн баримт бичгүүд, тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын стратегийн урт хугацааны бодлогын үндсэн чиглэлийг шинэчилнэ гэж мэдэгджээ.

 


Холбоотой мэдээ