БАЯНХОНГОР: Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-22 09:48:40

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй хөөргүүдийг цувралаар танилцуулж байна. Хөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёсон эртний түүхтэй.


Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй хаш хөөрөг нь:

Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл, XX зууны эхэн үе

Материал: Хаш гууль, мөнгө

Хэмжээ: 4.5х6.7 см, 71 гр


Хаш хөөрөг бол монголчуудын уламжлалт соёлын нэгэн чухал эдлэл бөгөөд гоёл чимэглэл, үнэ цэн, эрүүл мэндийн хэрэглүүр гэж үздэг. Хаш чулууг “амьд чулуу” гэж нэрлэдэг. Учир нь хүний дулаанд өнгө нь бага зэрэг өөрчлөгдөж, гялалздаг онцлогтой. Мөн өнгө, чулууны төрлөөс хамаарч эзэндээ аз жаргал, эд хөрөнгө, урт нас, эрүүл мэнд авчирна гэж бэлгэддэг.


Элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог нь хаш хөөргийн онцлог. Тиймээс жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа үнэ цэнтэйд тооцогддог. Хаш чулуу долоон төрөл байдаг. Тухайлбал, цагаан хаш нь ариун цэвэр, итгэл үнэмшил, үнэнч сэтгэл, ногоон хаш нь эв найрамдал, эд баялаг, урт нас, сүүн цагаан хаш нь цэвэр санаа, уужим сэтгэл, амар амгаланг бэлгэддэг.


Хөөргийн амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг. Түүнчлэн хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болсон байна. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөргөөс ялгагдах онцлогтой, монгол хөөргийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.


Хөөрөг зөрүүлэхдээ хоёр хүн даалингаасаа хөөргөө гарган хөөргийнхөө толгойг суллаж, хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Чингэхдээ хөөргийн толгойг үл мэдэг онгойлгон ахмад хүний хөөргийг нас залуу нь босож хүндэтгэн аваад баруун өвдгөө босгон зүүн өвдөг дээрээ хагас суун тахимдуу ёсыг гүйцэтгэн тамхилаад эргүүлж өгөхдөө мөн тэр янзаар буцаан солилцоно. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Тамхилах үедээ амар мэндээ эрж бэлэгтэй сайхан үгийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ