Цогт тайжийн тухай үнэн түүхийг таниулахаар олон салбарыг хамарсан судалгаа хийж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-10-28 21:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил төр нийгмийн зүтгэлтэн Цогт хунтайжийн мэндэлсний 440 жилийн ой тохиож байна. Цогт тайжийн талаар гадны судлаачид олон янзаар тайлбарлаж, түүхийг мушгин гуйвуулдаг. Тиймээс дээрх ойлголтыг нэгтгэж, түүхийн үнэнийг хойч үедээ таниулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.


Цогт хунтайжийн намтар түүхэнд холбогдох мэдээ баримтууд Монголын болоод Төвөдийн түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Хятад болон зарим орны судлаачид түүнийг түүхэн хүн биш уран сайхны дүр гэж үздэг. Тэгвэл Цогт хунтайжийн хад чулуунаа бичиж үлдээсэн дурсгал нь түүний өөрийнх нь тухай хамгийн үнэн бодит баримт болдог тул манай улсын эрдэмтэд үнэн бодит түүхийг дэлхийд таниулах, хойч үедээ үлдээх зорилгоор олон салбарыг хамарсан дэлгэрэнгүй судалгаа хийж байна. Энэ хүрээнд Цогт тайжийн талаарх ойлголтыг нэгтгэх зорилгоор тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй юм.


Доктор, профессор С.Байгалсайхан хэлэхдээ, “Миний хувьд Цогт тайжийн судалгааны чиглэлээр 6-7 жил судалж байна. Цогт тайж бол улааны шашинд үнэнч явсан, шашны хагаралдаан хийсэн зүйл байсангүй гэдгийг баримтад тулгуурлаж тайлбарлалаа.  Цогт тайжийн асуудал бол Монголын тусгаар тогтнол, үндэсний соёл, гүн ухаан, утга зохиол, урлагийн асуудал учир бид үнэн зөвөөр эх сурвалж, баримтад тулгуурлан соёлын үнэтэй өв цэн хэмээн залуу үедээ өвлүүлэх ёстой” хэмээн тодотгов.


Цогт хунтайж улс төрийн үзэл баримтлалаасаа болж халхын ноёдтой тохирохоо больж, Лигдэн хаантай хүчээ нэгтгэхээр Хөх нуурыг зорин очсон боловч 1634 онд Лигдэн хаан өвчний улмаас таалал төгссөн тул уулзаж амжаагүй байна. Эрдэм номтой, алс хэтийн бодлого зорилготой үйл хэргээ  өрнүүлж байсан тэрбээр Монголыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байсныг түүх гэрчилнэ. Түүний эх оронч үзэл санаа уугуул нутаг усандаа хад чулуун хөшөөнд үлдээсэн бичгийн дурсгалд нэвт шингэсэн байдгийг түүхийн ухааны доктор Б.Бүдсүрэн хэллээ. Тэрбээр, “ӨМӨЗО-ы их сургуульд оюутан байхдаа хээрийн дадлага судалгааны ажлаар явж байхдаа шүлэглэсэн орчуулгад нь үг хэллэгийн тайлбар хийж Цогт хунтайжийг шашны зүтгэлтэн байсныг өөрийнх нь бичиж үлдээсэн дурсгалаас тодруулж гаргаж ирсэн” гэв.


Цогт хунтайжийн бүтээсэн түүхийн хосгүй өвүүд одоог хүртэл түүх соёлын чухал гэрч болж байгааг эрдэмтэн судлаачид онцолж байна. Өдгөө 420 жил болсон Цогтын цагаан байшин, түүнчлэн соёлын үнэт өв болсон Цогтын чулууны бичгүүд нь 400 жил өнгөрсөн ч Цогт тайжийн талаарх түүхийн гол эх сурвалжууд болсоор байгаа юм.


Тус эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатарын их сургууль, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулав.



Холбоотой мэдээ