Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бэртсэн хүний тоо 55.6 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт хурал Төрийн ордонд энэ сарын 28, 29-нд боллоо.
Тус хурлыг УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хамтран зохион байгуулав.
Өнөөдрийн хурлыг нээж УИХ-ын гишүүн, ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нар үг хэлэв.
УИХ-ын гишүүн, ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг, жендерийн тэгш байдлыг бий болгох, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хууль тогтоох байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-аас анхааран ажиллаж буйг дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар шинэ зохицуулалт хийж, хариуцлагыг чангатгасан. Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэж буй гол хуулиудыг жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй гаргах гаргах үүднээс анхааран ажиллаж байгааг тэмдэглэв.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, энэхүү хурал нь цаг үеэ олсныг дурдаад, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буй нь жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад ихээхэн нөлөөтэй болсныг тодотгов. Цаашид эмэгтэйчүүдийн оролцоо бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд улам нэмэгдэх хандлагатай байгааг онцлов. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахад ажлын багийн гишүүдийн олонхын санал авсан зургаан нэр дэвшигчийн тав нь эмэгтэй хүн байгааг тэмдэглэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “КОВИД-19 цар тахлын үе болон дараах үед жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжийн харилцан уялдаа, шинэ сорилтууд сэдвэр” илтгэл тавилаа. Мөн УИХ-ын Эмэгтэйчүүдийн бүлгийн төлөөлөл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар хуралд оролцов.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний хүйс, жендэрийн онцлог, түүнтэй холбоотой нийгмийн тэгш бус харьцаанаас үүдэн гардаг хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн, эдийн засгийн хүчирхийлэл зэрэг олон төрлөөр илэрдэг. Монгол улсын хувьд 2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.92 хувиар нэмэгдсэн. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 55.6 хувиар, хүчирхийллийн хохирогчдод үйлчилдэг нэг цэгийг үйлчилгээний төв болон Түр хамгаалах байруудаар үйлчлүүлсэн иргэдийн тоо 89 хувиар нэмэгджээ.
Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуүль, тогтоомж, тэдгээрийн хүрээнд гарсан дүрэм, журмуудаар зохицуулдаг. Сүүлийн жилүүдэд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хохирогч болон гэрчийн аюулгүй байдал, хувийн нууцыг хамгаалах, хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн иргэдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил гарсан ч хангалттай түвшинд төдийлөн хүрээгүй байна. Үүнд хуулийн хэрэгжилт сул, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал, мөн цар тахлын хариу арга хэмжээний тодорхой бус байдал нөлөөлж байгаа аж. Үүний зэрэгцээ иргэдийн жендерт суурилсан хүчирхийллийн хэлбэр, үр нөлөө, тусламж авах боломж болон энэ чиглэлийн хууль, эрх зүйн мэдлэг тааруу, цагдаа, хууль сахиулах байгууллагын мэдээллийг хүлээн авч, нотолж, шийдвэрлэх чадавх бололцоо хангалтгүй, талууд ойлголтын зөрүүтэй байгаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгааг хурлын удирдамжид тусгасан байна.
Энэхүү хурал нь жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль, тогтоомжийн харилцан уялдаанд дүн шинжилгээ хийж бодлогын цоорхойг тодорхойлох, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй саад бэрхшээлийн шийдлийг тодорхойлох зорилготойг ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны Дэд дарга Б.Пүрэвсүрэн тэмдэглэсэн. Ингэснээр, шийдлийг тодорхойлж, бодлогын түвшинд хэлэлцэх, төрийн ба төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын ажлыг бодлогоор дэмжиж, сайжруулах боломж бололцоог тодорхойлох зэрэг зорилтыг шийдвэрлэх үүрэгтгэй дурдав.
Бодлого боловсруулагчид, бодлого хэрэгжүүлэгчид болон ашиг хүртэгчдийн хооронд ЖСХ-ийг таслан зогсоох чиглэлд яриа хэлэлцээ өрнүүлж бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой хоёр өдөр үргэлжилсэн хурлын төгсгөлд оролцогчдын санаа бодлыг тусган жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үр дүнтэй шийдлийг тодорхойлж, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх агуулгаар зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжийг хэрэгжүүлснээр жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэж, жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих чиглэлд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа нэмэгдэнэ гэж үзжээ.
Эхний өдрийн хуралд хууль эрх зүй, хууль сахиулах болон холбогдох бусад чиглэлээр суралцдаг оюутан, залуусыг хамруулж хурлын зорилго, зорилтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү үе шат нь залуусын дуу хоолойг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэж тулгамдаж буй асуудлуудын шийдлийг олоход залуучуудын шинэлэг санаа, бүтээлч байдлыг хөшүүрэг болгоход чиглэсэн. Харин хоёр дахь өдрийн хурлаар УИХ-ын Эмэгтэйчүүдийн бүлэгтэй хамтран хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, холбогдох бусад чиглэлд ажилладаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон залуусын төлөөллийг хамрууллаа.