Нийтлэлч Б.Батбаярыг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-03 15:49:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газар 2021 оны намар одон гардах гадаад иргэдийг зарласны дотор нийтлэлч Бат-Эрдэнийн Батбаяр багтжээ.


Түүнийг Япон, Монголын  парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй  хувь нэмрээ оруулсан хэмээн үзэж, “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнах болсныг Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ цахим хуудсандаа мэдээлжээ.


Б.Батбаяр нь Монголын ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажилласан бөгөөд ардчиллын дараа улс төрд орон Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн (Сангийн сайд) зэрэг албыг хашиж байв. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байжээ.

 

Тэрбээр, Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтлүүлж байсан нь Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, “Монголын түүх” номоо япон хэл дээр гаргаснаараа Японд Монголын талаарх ойлголтыг өргөжүүлэн таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Түүнчлэн 2000 онд Япон Улс зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин бүс нутаг улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Зүүн хойд Азийн холбоо ТББ-ыг байгуулж өнөөг хүртэл тус холбооны тэргүүнээр ажиллаж, хувийн хэвшлээс улс орнуудын харилцааг улам бүр бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй эрхэм юм.

Холбоотой мэдээ