О.Цогтгэрэл: Ардчилсан нам хөгжлийн төлөөх сөрөг хүчин байх болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын дотоод маргаан нэг талдаа гарсан бөгөөд цаашид хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр мэдээлэв.
Тус нам дотоодод үүссэн маргаанаа шийдвэрлэхээр өнгөрсөн баасан гарагт намын Онц их хурлыг зохион байгуулсан. Хуралд, АН-ын анхан болон дунд шатны байгууллага буюу 330 сум, 9 дүүргийн төлөөлөл оролцож шинэ удирдлагаараа О.Цогтгэрэлийг ёсчлон баталсан юм.
Улсын дээд шүүхээс тус намын даргын асуудлыг дотоод дүрмийнхээ хүрээнд шийдвэрлэх зөвлөмж өгсөн юм. Харин өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас олон нийтийг хамарсан ажил зохион байгуулах боломжгүй байсныг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээллийн үеэр тэмдэглэв. Энэ сарын 1-нээс олон нийтийн ажлыг зөвшөөрсөн тул Улсын дээд шүүхээс тавьсан шаардлага, тогтоолын хүрээнд Онц их хурлыг зохион байгуулж, асуудлаа шийдвэрлэснийг тодотгов. Намын дүрмийн дагуу ҮБХ-ны 280 гишүүн гарын үсэг зурснаар тус их хурлыг зохион байгуулжээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ, "АН-ын дотоод асуудлыг төлөөллийн олонх нь гаргаж шийдвэрээ зарлалаа. Энэ бол хамтын байгууллагын хамгийн дээд шийдвэр гэж үзэж байгаа. АН одоо дотоод хэрүүлээ ярихгүй. АН бол төр барьж, үзэл санааны шинэчлэл хийж байсан, эрх чөлөөний үзэл санааг хэрэгжүүлж байсны хувьд хөгжлийн төлөөх сөрөг хүчин байх болно" хэмээв.
Мөн тэрбээр намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Боловсролын сайд асан Л.Гантөмөр ажиллах саналын хүлээн авсныг тэмдэглэлээ. Мөн удирдлагын багт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хамтран ажиллах саналыг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн маргааны нөгөө талд байгаа хүмүүсийг хамтран ажиллахад хэзээд нээлттэй байгаагаа тодотголоо.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх эсэхийг Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрэнэ.