Шүлхий өвчний улмаас хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-09 13:39:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хонгор сумын хоёдугаар багийн нутаг Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч энэ сарын 5-ны өдөр батлагдсан. Иймд тус сумын Онцгой комиссоос зөвхөн Зулзага хоёрдугаар баг, Шийрийн бригад орчимд 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл хөл хорио тогтоолоо.

Мал гоц халдварт өвчний улмаас Дархан, Шарын гол сумын хоорондын төв зам болох Аргалын гарам, Төмөр замын найман нүхэн гарцыг хаасан байна. Харин хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөн болон авто замын ажлууд хэвийн үргэлжилж байгаа аж.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах бүсэд вакцинжуулалт хийж эхэлжээ. ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малыг хамруулахаар гурван чиглэлд дөрвөн малын их эмч, найман мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Голомтын бүсэд ажиллаж ажиллаж буй малын эмч нар 59 өрхийн 2358 үхэрт шинжилгээ хийж, үүнээс өвчилсөн 21 өрхийн 257 үхрийг тусгаарлаж, шинж тэмдгийн эмчилгээг эхлүүлжээ. Эрүүл 2084 үхрийг вакцинд хамруулах ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ