МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн нэрэмжит цомын аварга шалгаруулах Футзалын тэмцээн болно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-09 14:26:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах Футзалын тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд МХБХ-ны Футзалын ордонд болно.


Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн энэ онд тохиож байгаа 100 жилийн түүхэн ойд зориулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Футзалын тэмцээнийг зохион байгуулснаар салбарын ажилтан албан хаагчдын нөхөрлөл холбоог өргөжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарт биеийн тамир, спортын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэн, бэхжүүлэхэд орших юм.


Энэхүү тэмцээний техникийн зөвлөгөөн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цаг 30 минутаас МОНЦАМЭ агентлагийн “Мэдээллийн төв”-д болно. Энэ үеэр Зохион байгуулах комисс, Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид, шүүгчдийн бүрэлдэхүүнтай хамтарч тэмцээний сугалааг явуулж, оролцох багуудын тоглолтын хуваарийг гаргана.


“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД”-ЫН ДУНД ЗОХИОГДОХ “МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН 100 ЖИЛ”-ИЙН ОЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН ТӨЛӨӨХ ФУТЗАЛЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


Нэг. Зорилго


Хэвлэл мэдээллийн ууган байгууллага үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхэн ойг угтаж Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Футзалын цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, ажилтан албан хаагчдын нөхөрлөл холбоог бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн салбарт биеийн тамир, спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад оршино. 


Хоёр: Баг, тамирчдад тавигдах шаардлага


2.1 Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын /телевиз, сонин, сайт, радио/ сэтгүүлч, ажилтан албан хаагч, хэвлэлийн төлөөлөгчид оролцоно.


2.2 Дээрх байгууллагууд тус бүр эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчнаас бүрдсэн 1-2 баг бүрдүүлэн багийн мэдүүлгийг мэдүүлнэ. 


2.3 Багийн мэдүүлэгт багтсан тамирчин нь харъяалагдах байгууллагадаа 3-аас доошгүй сар ажилласан үндсэн ажилтан байх бөгөөд НДШ төлсөн дэвтрээр баталгаажна. 


2.4 Хөдөлмөрийн түр гэрээт ажилтан, нэвтрүүлгийн зочин хөтлөгч, футзалын дээд лигийн тоглогч тамирчин тэмцээнд оролцох боломжгүй.


2.5 Энэхүү удирдамжийн 2.3, 2.4 шаардлагыг хангаагүй тамирчныг багийн мэдүүлэгт оруулахгүй, тэмцээнд оролцуулахгүй ба оруулцуулсан багийг тэмцээнээс хасна. 


2.6 Багийн мэдүүлэгт тусгагдаагүй тамирчныг тэмцээнд оролцуулахыг хатуу хориглох ба оруулсан багийг тэмцээнээс хасна. 


2.7 Энэхүү удирдамжийн 2.1-т заасан байгууллагууд бие даан баг бүрдүүлэх боломжгүй бол аль байгууллагын нэрээр тэмцээнд оролцохыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран баг бүрдүүлж оролцож болно. 


2.8 Футзалын стандартад нийцсэн зориулалтын пүүзтэй оролцоно. 

           

Жич: Футзалын ордон шалаа олон улсын стандартад нийцүүлэн зассан тул хар зураас гардаг, хатуу ултай, арзгар хээтээ пүүз өмсөж оролцохыг хатуу хориглоно. Удирдамжийн 5.1-д дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.


Гурав: Зохион байгуулалт, хугацаа


3.1 Тэмцээнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ноос баталсан “Тоглолтын дүрэм”, Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Тэмцээн зохион байгуулах журам”, “Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан ажлын хүрээнд болон тэмцээний удирдамж”-ийн дагуу МОНЦАМЭ агентлагийн Зохион байгуулах комисс, МХБХ-ны шүүх баг удирдан зохион байгуулна.


3.2 Тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд МХБХ-ны Футзалын ордонд явагдана.


3.3 Баг тамирчид тоглолтын жигд хувцас, хувийн дугаартай байна.


3.4 Багууд нээлтийн үйл ажиллагаанд барих байгууллагын туг лоозонтой ирнэ.


3.5 Тэмцээнд оролцох багийн мэдүүлэгт овог, нэр, нас, биеийн өндөр, регистрийн дугаар, хувийн дугаар, тоглогчийн үүрэг, эрүүл мэндийн байдал зэргийг заавал бичсэн байх бөгөөд мэдүүлгийг компьютерээр шивсэн байна. Тамирчид ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй ирнэ.


3.6 Багуудын мэдүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны 17:00 цаг хүртэл nyamdavaa.ne@gmail.com хаягаар хүлээн авна. 


Жич: Дээрх хугацаанаас хоцорсон багийг оролцуулахгүй болохыг анхаарна уу. 


3.7 Мэдүүлгийн хуудсанд багийн дасгалжуулагч болон багийн ахлагчийн утасны дугаарыг бичиж ирүүлнэ.


3.8 Байгууллагын үндсэн бус гаднын тоглогч оруулсан тохиолдолд тухайн багийг тэмцээнээс шууд хасна. 


3.9 Монголын хөлбөмбөгийн холбооноос тавьсан шаардлагын дагуу тэмцээнд оролцох тоглогч нь коронавируст халдвараас сэргийлж 3 дугаар тунд хамрагдсан байх. Хэрэв хамрагдаагүй бол тэмцээн зохион байгуулах өдрөөс 48 цагийн өмнө албан ёсны PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байна.


Дөрөв: Шагналын сан


4.1. 1-р байр Өргөмжлөл, Алтан медаль, Цом, 1.000.000 төгрөг

      2-р байр Өргөмжлөл, Мөнгөн медаль, 700.000 төгрөг

      3-р байр Өргөмжлөл, Хүрэл медаль, 500.000 төгрөг /эрэгтэй, эмэгтэй баг тус бүрт/


4.2 Шилдэг довтлогч-1, Шилдэг хаалгач-1 Өргөмжлөл, 100.000 төгрөг /эрэгтэй, эмэгтэй тус бүрт /


4.3 Зохион байгуулагчаас тэмцээнд оролцох багаас ямар нэгэн хураамж авахгүй


Тав: Техникийн зөвлөгөөн


5.1 Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11:30 цагт МОНЦАМЭ агентлагийн “Мэдээллийн төв”-д Зохион байгуулах комисс, МХБХ-ны төлөөлөл, шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан зохион байгуулж, сугалааг сугалуулж, багуудын тоглолтын хуваарийг гаргана.


5.2 Тэмцээний талаар мэдээлэл авах, холбоо барих утас: 99119607, 88787719


Тэмцээний удирдамжийг энд, багийн мэдүүлгийн хүснэгтийг энд дарж авна уу.



Холбоотой мэдээ