Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Ерикотой уулзлаа.
Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг багасгахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “2022 онд хоёр улсын
дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Бид Япон Улстай
уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, илүү нягт
хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг багасгах чиглэлээр
харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, ойр дотно хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Мөн нийслэлийн автозамын түгжрэлд УИХ, Засгийн
газраас онцгой анхаарч, түгжрэл бууруулах үндэсний хороог
байгуулсан. Ингэснээр автозамын түгжрэлийг богино, дунд
хугацаанд үе шаттайгаар 30 орчим хувь багасгахаар төлөвлөснийг онцолжээ.
Түүнчлэн өнгөрсөн хэдэн жилд хүн амын суурьшил хурдацтай нэмэгдэж буй Яармагийн автозамын түгжрэлийг багасгахад “Ажилчны гүүр” төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн юм. Төсөл хэрэгжүүлснээр Яармагийн авто замын ачаалал 30-40 хувь хүртэл багасах боломжтой аж. Мөн хүлэмжийн хийг багасгахад байгальд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, авто замын түгжрэлийг багасгахад чиглэсэн бусад төслийн талаар санал солилцов.
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Ерико өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд сургууль барих, агаарын бохирдол багасгахад чиглэсэн болон бусад төслийг дурдаад, цаашид зам тээврийн түгжрэлийг багасгах, бүтээн байгуулалтын төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Одоогоор хэрэгжүүлж буй зам тээврийн төслийн талаар ЖАЙКА-гийн Дэд бүтэц, хувийн хэвшил хариуцсан төлөөлөгч Койзума Тайга танилцуулж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааны хүрээнд боловсруулсан 30 орчим төслөөс ойрын хугацаанд хэрэгжүүлэх ач холбогдолтой таван төслийг онцлон танилцуулахаа мэдэгджээ.