Беларусь улсаас эрчимжсэн үүлдрийн есөн мянган үхэр авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг хоршуулан хөгжүүлэх хүрээнд Беларусь улсаас 9000 үхрийг хөнгөлөлттэй зээлээр авахаар болжээ.
Эдгээрийн 5000
нь сүүний, 4000 нь махны чиглэлийн үүлдрийн үхэр байх юм. Эхний ээлжийн үхрийг энэ ондоо багтаан оруулж ирэх гэрээ байгуулсан байна.
“Манайд мах сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр цөөн байдаг. Эрчимжсэн мал ахуйн тэжээл бэлтгэх боломжтой газар
тариалангийн бүсэд цэвэр үүлдрийн үхэр өсгөж, сүргийн сэлбэлт хийн цөм
сүрэг бий болгох юм. Бэлчээрлэхгүй тул газар тариаланд харшлаад, бэлчээр сүйтгэхгүй. Суурин мал аж ахуй бий болгох зорилготой. Нэг цөм сүргээр нь өсгөх шаардлага тавьж байгаа. Эдгээрийг
иргэд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлээр өгнө. Үүнээс гадна Беларусь улсаас ирэх жил 6 сая еврогийн тоног төхөөрөмжийг ирэх намрын ургац хураалтад зориулж хаврын
тариалалтаас өмнө аж ахуйн
нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр өгөхөөр гэрээ хийсэн” гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд
мэдээлсэн юм.
Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөг олгосон бөгөөд ноос ноолуур боловсруулах үйлдвэрт 100, малчдыг дэмжихэд 200, газар тариалан эрхлэгчдэд 100 тэрбумийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Нийт 670.7 тэрбум төгрөгийн зээл авахаар 24 мянга гаруй хүсэлт ирснээс 20.2 мянган иргэн аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгосон нь үр дүнгээ өгч байгааг салбарын яамнаас онцолж байлаа.
Түүнчлэн, өнгөрсөн онд 2025 аж ахуй нэгж, өрхөд 97.6 мянган сүүний чиглэлийн үхэр, 594 аж ахуйн нэгж,
өрхөд 28.6 мянган махны чиглэлийн үхэр,
127 аж ахуйн нэгжид 23.8 мянган нарийн ноост, мах, ноосны чиглэлийн хонь өсгөн үржүүлж байлаа. Мөн 387 өрх, аж ахуйн нэгжид
22,3 мянган гахай, 1391 өрх, аж ахуйн нэгжид 991,8 мянган өндөглөгч
тахиа, 608 өрх, аж ахуйн нэгжид 13.5 мянган бүл зөгий, мөн зарим иргэн цаа буга, илжиг, загас, цөөн
тооны цацагт хяруул, галуу, нугас, туулай зэргийг үржүүлж байв.