Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-19 21:21:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас энэ оны 6 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж, гишүүдэд Н.Алтанхуяг. П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажилласныг онцлоод, Ажлын баг хуулийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажил эрхлэгч байгууллагын саналыг судлан үзэж, түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нийцүүлэн агуулга, бүтэц, нэр томьёо, хэл найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй 38 санал, найруулгын шинжтэй 2 санал боловсруулсныг дурдав. 


    -Олон улсын жишгийн дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Монгол Улсыг төлөөлөн олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд,


    -Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, кибер халдлага, зөрчлийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд зөвлөмж, мэдээлэл түгээх чиг үүрэг бүхий Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд,


    -Тайван цагт батлан хамгаалах үйл ажиллагааны кибер аюулгүй байдал, зэвсэгт хүчний мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шаадрлагатай үед улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарт зохион байгуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний төвийг зэвсэгт хүчний кибер командлалын бүтцэд,


    -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан саналыг үндэслэн, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллахаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдав. 


Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Батшугар, С.Одонтуяа, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг хэрхэн илрүүлж, хариуцлага тооцох, Нийтийн төвийн чиг үүргийн талаар илүүтэй тодруулж байлаа.  


Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариултдаа, Манай улс кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд 121 дүгээр байранд байгааг тодотгоод, ТЕГ-ын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газрыг өргөтгөөд Үндэсний төв болгосон. Энэ төв дээрээ төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллагуудад халдсан халдлагуудтай тэмцдэг гол үүрэгтэй болгож, кибер халдлагуудыг бүртгэж, хянадаг, зохих арга хэмжээ авдаг эрх, үүргийг энэ байгууллагад олгож байгаа гэсэн юм. Мөн тэрбээр, Нийтийн төв нь хувийн болон иргэний мэдээллийн аюулгүй байдалд халдах халдлагатай тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлнэ гэж байлаа.

 

Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хураалтыг явуулах байсан ч чуулганы хуралдааны ажлын цаг дууссан тул нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ