Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 12:17:16

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук манай улсад айлчлахаар өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Ерөнхий сайд Нгуен Суан Фукийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авсан юм. Мөн түүнийг Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Д.Тунгалагийн хамт Их эзэн Чингис хааны талбайд  угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. Хоёр улсын Ерөнхий сайд нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсан юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга М.Энхболдтой хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.

Түүний айлчлал долдугаар сарын 13-16-нд үргэлжлэх бөгөөд тэрээр Ази-Европын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад оролцоно.Ерөнхий сайд Нгуен Суан Фукыг дагалдан тус улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Аж үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Гадаад хэргийн дэд сайд, Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч болон 50 бизнес төлөөлөгч иржээ.

Дашрамд дурдахад Улаанбаатар хотноо анх удаа болж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад 34 орны төрийн төр засгийн удирдлагууд оролцох юм. 

Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ