Хятадын “COVID-19”-ийн эсрэг эмийн эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шат эхэлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-11-22 17:27:39

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад гарган авсан “JS016” нэртэй “COVID-19”-ийн вирусний эсрэг эмийн хилийн чанад дахь эмнэлзүйн туршилт гуравдугаар үе шатандаа оржээ.


Энэхүү эмийг Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Микробиологийн хүрээлэн, Шанхай хотын “Junshi Biosciences” компанийн мэргэжилтнүүд хамтран гарган авсан байна.


2020 оны зургаадугаар сард Хятадын Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар эмийн компаниудад эмээ хүний биед турших зөвшөөрөл олгожээ.


Микробиологийн хүрээлэнгийн мэдээлснээр, “JS016” нь эмнэлзүйн туршилтад нь эрүүл хүмүүсийг хамруулсан анхны “COVID-19”-ийн моноклональ эсрэг биет болжээ.

 

Судлаачид хоёр дахь үе шатны туршилтыг энэ сард дуусгасан бөгөөд эхний үе шатны туршилтуудаар эм аюулгүй, үр дүнтэй болохоо харуулж, оролцогчдын бие дэх вирусний титрийг багасгаж, хүндээр өвчлөх эрсдэлийг бууруулж буй байдал ажиглагдсан байна.


“Энэхүү эмийг 15 оронд яаралтай эмчилгээний журмаар ашиглаж байгаа бөгөөд 500 мянга гаруй тунг хилийн чанадад илгээгээд байна” гэж Микробиологийн хүрээлэнгийн судлаач Янь Жинхуа мэдээлжээ.


Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам мөн улсдаа “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд зориулан 3000 тунг хуваарилсан гэж Я.Жинхуа нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ