Мал эмнэлэг, газар тариаланд вакцин, бодисын хяналтын тогтолцоо бэхжээгүй байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-11-23 09:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, ДЭМБ-аас жил бүр “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” аяныг зохион байгуулдаг. Энэ сарын 18-24-нд болж буй аяны зорилго нь хүн, мал, амьтан, газар тариаланд хэрэглэдэг бичил биетний эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршдог байна.

Бичил биетнийг устгадаг эсвэл түүний өсөлт, хөгжлийг нь удаашруулах үйлчилгээ үзүүлдэг аливаа бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэдэг. Харин бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян бактер, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлдэг байна.

Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол бидний сайн мэдэх антибиотик юм. Бичил биетний эсрэг эм, бэлдмэлийг тун, хэмжээ хэтрүүлэн хэрэглэх, эсхүл дутуу, буруу давтамжтай хэрэглэх нь бичил биетэн түүнд дасаж тэсвэртэй болох шалтгаан болдог байна. Эм бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд хүн, мал, амьтны эрүүл мэндэд онцгой хор аюултай байдаг.

Манай улс антибиотикийн хэрэглээ хамгийн өндөр орны тоонд орж буйг ДЭМБ-ын тайланд дурджээ. Түүнээс гадна мал эмнэлгийн салбарт болон газар тариаланд хэрэглэж байгаа ББЭЭ-ийн хэрэглээний хяналтын тогтолцоо бэхжээгүй, зохистой хэрэглээ төлөвшөөгүй байна.




Тиймээс бичил биетний тэсвэржилт үүсгэхээс сэргийлж малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүний тулд:

  • Малчид, фермерүүд малдаа антибиотик эм тариа, ивомек, керолин, туулгалтын бодис зэргийг дур мэдэн хэрэглэхгүй байж, мал эмнэлгийн үйлчилгээг малын эмчээр хийлгэдэг байх,
  • Малын биеэс эм тариа бүрэн гадагшлах хугацааг  хүлээж цэвэр мах, сүүгээр хүн арддаа нийлүүлж хэвших,
  • Малын эмч нар бичил биетний тэсвэржилт үүсгэдэг эмийг жороор олгодог болох, малчид, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг олгох, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд тогтмол түгээж байх зэрэг нь чухал болж байна;
  • ББЭЭ-ийн зохистой хэрэглээг дэмжих бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ББЭЭ-ийн хэрэглээний хяналтын стратеги боловсруулж, “Нэг эрүүл мэнд” бодлого концепцын хүрээнд эрүүл мэнд, мал эмнэлэг, газар тариалангийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;
  • Эрүүл мэнд, мал эмнэлэг, газар тариалангийн салбарт зохистой дадлыг нэвтрүүлэх замаар ББЭЭ-ийн хэрэглээг багасгах;
  • Бичил биетний эм бэлмэлийн зохистой хэрэглээний талаарх бүх нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэдний хандлагыг өөрчлөх;
  • ХАА-н үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний бохир усны хаягдал зэрэг бичил биетний үлдэгдэл агуулдаг хог хаягдлыг бүрэн боловсруулж, хүрээлэн буй орчинд тархах, хөрс, ус бохирдохоос хамгаалах зэрэг юм.


 

Холбоотой мэдээ