“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлэг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлгийг Төв аймгийн Баянчандмань суманд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Европын холбооны санхүүжилтээр
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан
төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл Төв
аймгийн Баянчандмань сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт туршиж буй “Бүрэн хөдөлмөр эрхлэлт
бүхий жишиг сум, дүүрэг” төслийн хүрээнд зохион байгуулав.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “ХНХЯ-ны нэг томоохон зорилт бол халамжаас
хөдөлмөрт шилжих юм. Энэхүү зорилттой уялдсан төсөл хэрэгжиж байгаа нь хөдөлмөр
эрхлэлтийн салбарт чухал дэмжлэг болж байна. Цаашид Баянчандмань сумыг бүрэн
хөдөлмөр эрхлэлттэй сум болоход бүх талаар дэмжин, оролцогч талуудтай хамтран
ажиллах болно” гэлээ.
“Европын Холбоо цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улсыг үргэлжлүүлэн
дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид нягт уялдаатай түншлэлийнхээ хүрээнд бодлогын
яриа хэлэлцээр болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт хийх төсвийн шинэчлэлийг
дэмжих санхүүжилтийн хоосон орон зайг багасгах чиглэлд хамтран ажиллахдаа
таатай байх болно” хэмээн Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйз нээлтийн үгэндээ онцлов.
НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад
хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих, ялангуяа орон нутагт байгаа зорилтот бүлгүүдийн хөдөлмөр эрхлэх
чадвар, боломжийг дэмжих чиглэлээр салбар хоорондын уялдааг хангахад бүх оролцогч талуудтай нягт хамтран
ажиллана” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд Баянчандмань сумын ажилгүй
иргэд, ажил хайгч, ажил олгогч, сумын
хөдөлмөрийн мэргэжилтэнд хандан үйлчилгээ авах,
улмаар өөрийн ур чадвар, хэрэгцээгээ хамтран тодорхойлох замаар хөдөлмөр
эрхлэх, хөдөлмөрийн зах зээлд ороход шаардлагатай дэмжлэг, туслалцааг цогцоор
нь авах, уг үйлчилгээний арга хэлбэрийг тогтвортой хэрэгжүүлэх боломжуудын талаар
тус тус хэлэлцэн санал бодлоо солилцож, цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөж ажиллахаар тогтлоо.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төв аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, аймгийн Ажил
олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Сургалтын байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт
40 гаруй хүн
оролцов.
Европын холбооны тухай
2020 оны 5-р сард баталсан Европын Холбоо (ЕХ)-ноос Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн
Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилтийг 2020 оны 10
дугаар сард Монгол Улсын
Засгийн газар хүлээн авсан. Тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилттой уялдсан
төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 2020 оны
12 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд цар тахлын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг
бууруулах хүчин чармайлтад хувь нэмэр оруулах юм. Уг төсөл үр дүнд суурилсан
төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв
санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд
дэмжлэг үзүүлэх зорилготой.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын
өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170
орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд
эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход
улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
НҮБХХАБ-ын тухай
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь (НҮБХХАБ) хүн бүр
цаг ямагт эрүүл чийрэг оршин амьдрахад
шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцөлийг сайжруулах замаар өлсгөлөнг зогсоохын
төлөө олон улсын хүчин чармайлтыг манлайлж буй НҮБ-ын мэргэшсэн агентлаг юм.
ОУХБ-ын тухай
Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлье. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. Засгийн газар, ажил олгогч, ажилтны нийгмийн түншлэл, хэлэлцээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хүн бүрийг нийгмийн хамгаалалд хамруулахдаа хүн төвтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөлмөрийн сайхан ирээдүйг бүтээхийг зорьж байна.