Германы шинэ эрх баригч эвсэл ОХУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-25 14:53:22

БЕРЛИН. /TASS/. Германы шинэ эрх баригч эвсэл ОХУ-тай бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Эрх баригч эвсэлд Социал демократ нам, “Ногоон” нам болон Чөлөөт ардчилсан нам багтсан байна.


“Герман, Орос гүн гүнзгий, олон талын харилцаатай билээ. ОХУ мөн олон улсын чухал тоглогч. Бид агуулгаар баялаг, тогтвортой харилцааг ухамсарлаж, ийм харилцаа өрнүүлэхийг эрмэлзэж байна” гэж шинэ Засгийн газрын бодлогын үндэс суурийг тусгасан 117 хуудас бүхий эвслийн гэрээнд дурдсан байна. “Бид үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж гурван нам цохон тэмдэглэжээ.


Шинэ эрх баригч эвсэл дэлхий нийтийг хамарсан асуудлаар Оростой илүү нягт хамтран ажиллахыг дэмжиж байна. "Бид уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг даван туулах, устөрөгчийн хангамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг асуудлаар Оростой илүү нягт хамтран ажиллахыг хүсэж байна" гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ гурван нам "иргэний болон ардчилсан эрх чөлөөг хязгаарлаж байгааг хатуу шүүмжилж, Оросын засгийн газар иргэний нийгмийг Германы түншүүдэд саадгүй нэвтрэх боломжийг олгоно гэж найдаж буйгаа" мэдэгджээ. Тус эвсэл мөн Оросын иргэний нийгэмд үзүүлэх "тусламжаа эрчимжүүлнэ" гэдгээ мэдэгдсэн байна.


"Залуус гэх зэрэг онцгой чухал зорилтот бүлгүүдэд ОХУ-аас Герман руу визгүй зорчих боломжийг бий болгохыг бид хүсэж байна" гэж баримт бичигт дурджээ. Үүний зэрэгцээ шинэ эрх баригч эвсэл "олон улсын эрх зүй, Хүний эрх, Европын дэг журмын зарчимд тулгуурлан хоёр талын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллана" хэмээсэн байна. "Бид Европын хөршүүд, ялангуяа төв болон зүүн Европ дахь түншүүдийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэдэг. Бид аюул заналын талаарх янз бүрийн ойлголтыг харгалзан үзэж, Оросын талаарх Европын Холбооны нэгдсэн, тууштай бодлогыг голлон баримтална" гэж баримт бичигт дурджээ.


Украины талаар

ХБНГУ-ын удахгүй бүрдэх Засгийн газар Донбассын мөргөлдөөнийг Минскийн гэрээнд тулгуурлан шийдэхийг уриалжээ. "Украины байдлыг тогтворгүй болгох оролдлого, Украины зүүн нутаг дахь хүчирхийлэл, Крымийг хууль бусаар нэгтгэх үйлдлээ нэн даруй зогсоохыг бид шаардаж байна. Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах арга зам болон холбогдох хориг арга хэмжээг цуцлах эсэх нь Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэхээс шалтгаална. Бид бүс нутаг дахь одоогоор намжмал байгаа мөргөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө байна” гэж шинэ эрх баригч эвслийн гэрээнд дурджээ.  


"Бид Украинд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлаа сэргээхэд нь үргэлжлүүлэн тусална" гэж гэрээнд онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ