НҮБ: Бээжингийн өвлийн олимп хүн төрөлхтний хамгийн сайн сайхныг харуулна

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-11-28 18:28:43

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ “Бээжин-2022” өвлийн Олимпын XXIV наадмыг удахгүй зохион байгуулах гэж буй билээ.

Уг олимпын наадмын талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид хэлэхдээ “Хүн төрөлхтний хүрч, олж авч чадсан технологи, шинжлэх ухааны ололт амжилт, мэдлэгийг харуулсан сэргээгдэх эрчим хүч болон ногоон технологи бүхий олимпын наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, Хятад улсын төдийгүй нийт хүн төрөлхтний хүрч чадсан хамгийн сайн сайхан бүхнийг энэхүү олимп харуулна” гэжээ.


Абдулла Шахид цааш нь ярихдаа “Ерөнхий Ассамблей ирэх долоо хоногт хуралдана.  Бид Хятад улс болон бусад олон улс орны ивээлээр Олимпын эвлэрлийн тогтоолыг батлах болно.  Энэ олимп маш амжилттай болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Түүний хэлсэнчлэн, олимп бол хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайван, тогтвортой хөгжил, эрүүл мэнд ба хөгжил дэвшлийн бэлгэдэл юм.

Олимпын эвлэрлийн тогтоолд энэ бүхнийг тусгана гэж тэрбээр хэлээд, хүн төрөлхтний сайн сайхныг олж харахын төлөө хүн төрөлхтний эв нэгдлийн баяр наадмыг хамтдаа тэмдэглэхийг дэлхий дахинд уриалсан байна.

Зарим улс орон, тухайлбал АНУ, Австрали болон Нидерландын улстөрчид Бээжингийн өвлийн олимпын наадмыг улс төрийн арга замаар бойкотлох буюу энэ олимпод албаны хүмүүсээ оролцуулахгүй байхыг уриалах болсны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид ийн мэдэгдэл хийж, уриаллаа.

Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизянь баасан гарагт мөн мэдэгдэл хийхдээ “спортыг улс төржүүлэхгүй байх”, “Бээжин-2022” өвлийн олимпын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийхээ болихыг холбогдох улс орнуудад уриалсан юм.

Жао Лизянь хэлэхдээ “Бээжингийн өвлийн олимпыг бойкотлох нь Олимпын дүрмийг зөрчиж, тамирчдын эрх ашгийг хөсөрдүүлж буй хэрэг.  Ингэх нь хэнд ч хэрэггүй” гэсэн байна.

Өвлийн олимпын XXIV наадам нь ирэх оны хоёрдугаар сарын 4-20-нд Хятадын улсад гурван газарт, тодруулбал Бээжин, Яньцин болон Жанчхүү хотод болно.

Ингэснээр 2008 онд зуны олимпын наадмыг зохион байгуулсан  Бээжин хот нь олимпын түүхэнд зуны болон өвлийн олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхий анхны хот болж үлдэх юм.

Зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр, “Бээжин-2022” өвлийн олимпын тэмцээн уралдаанууд болох байгууламжууд нь бүгд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах аж.

Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

 

Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын 45 гаруй хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ нь өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп болох юм.

Холбоотой мэдээ