Сүхбаатар сумын халаалт хэвийн горимд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-30 14:05:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-аас төвлөрсөн халаалттай ААНБ, айл өрхийн ая тухтай байдлыг хангах үүднээс тасралтгүй ажилладаг гурван зуухныхаа нэг зуухыг түр зогсоон засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Тодруулбал тус байгууллагын зүгээс КВТС-20/150 маркийн усан халаалтын зуух-5, конвектив хэсгийн халах гадаргууг 83.5 хувь шинэчлэн зуухны гадна өрлөг дулаалга /48м3 талбай/-г 100 хувь шинэчлэн энэ сарын 28-ны өдрийн 15.00 цагт галлаж эхэлжээ. Энэхүү богино хугацаанд гүйцэтгэх, шаардлага өндөр ажлыг 9 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал энд нэг засварын бригад 24 өдөр, 12 цагаар нийт 288 хүн/цаг ажиллан их засварын ажлыг шуурхай хийжээ. Гүйцэтгэл сайн хэдий ч уг засварын ажил хугацаандаа хийгдээгүй, хэрэглэгчдээс халаалт муу байна гэсэн гомдлыг олон удаа тавьж байсан юм. Иймээс засварын ажлын хойшлогдсон шалтгаан нь цаг үеийн гэнэтийн байдлаас шалтгаалан БНХАУ-ын Эрээн боомтод материал сэлбэг гацсан. Мөн дотоодоос судлахад олдоц муутай, бага хэмжээтэй байсан. Түүнчлэн олон газраас сэлбэг, материалаа цуглуулж, Улаанбаатар хотод тусгай мэргэжлийн байгууллагаар матуулах тааруулах зэргээс хугацаа алдлаа гэж тус байгууллагын зүгээс тайлбарлаж байна. Ийм нөхцөл байдлын улмаас халаалт доголдож, хэрэглэгчдэдээ амалсан хугацаандаа дулаанаар хангаж чадаагүйдээ хүлцэл өчиж буйгаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ