Түлшний захыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-01 19:18:31

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутагт түлээ, нүүрс худалдах зориулалт бүхий төвлөрсөн зах байхгүй тул зарим иргэд Ховд аймгийн төв захын гадна талбайд аргал, мод, нүүрс зарж борлуулдаг.

Энэ нь нийтийн эзэмшлийн газарт орчны бохирдол, эмх цэгцгүй байдлыг бий болгож, улмаар тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд ачаалал үүсэх нөхцөл бүрдүүлж байжээ.

Иймээс Жаргалант сумын удирдах ажилтнууд Ховд аймгийн төв зах дотор, түүний ойр орчим болон Баатархайрхан багийн Барилгачдын хоёрдугаар гудамжны 201 “а” тоотод байрлах “Алтайн мөнх зам тээвэрчдийн холбоо”-ны эзэмшлийн хашаа, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд аргал, мод, нүүрс, шахмал түлш худалдан борлуулахыг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглож, тухайн үйл ажиллагааг эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэрийг "Түлшний захын талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны А/457 тоот захирамжид тусгаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг өнөөдөр эхэллээ.

Мэргэжлийн байгууллагууд энэ онд түлшний захын зориулалт бүхий хоёр байршилд шинээр газар олгосон байна. Тухайн хоёр цэг нь гэр хорооллын бүс, Бичигт багийн нутаг дэвсгэрт бий

Өнөөдрийн байдлаар шинэ түлшний захад 20 гаруй иргэн мод, нүүрсний худалдаа хийлээ. Цаашид 50 гаруй иргэн энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах боломжтой аж.   

Мөн ирэх онд гэр хорооллын бүсэд түлээ, нүүрс зарах зориулалттай хоёр байршил цэг гаргахаар төлөвлөсөн гэж албаныхан ярилаа.   

Холбоотой мэдээ