Багийн Засаг дарга, статистикийн ажилтнуудыг чадавхжуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-12-02 16:40:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хүн амын шилжих хөдөлгөөний судалгааг Дундговь аймагт хийх болсонтой холбогдуулан 15 сумын статистик хариуцсан мэргэжилтэн, багуудын Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.

Тус сургалтыг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын гадаад шинжээч Витторио Бруни, зөвлөх Г.Гэрэлтогтох, Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар удирдан явуулж, 68 багийн Засаг дарга, статистик хариуцсан мэргэжилтнүүд нийт 83 албан хаагчаас 20 хувь нь цахимаар, 80 хувь нь танхимаар хамрагдсан байна.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр багийн Засаг дарга нарт хандан тэдний ажил үүргийг тодотгож, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэн, иргэдэд хүнд сурталгүй, шуурхай үйлчилж, хог хаягдлын менежментийг сайжруулахад санаачилгатай ажиллахыг үүрэг болгосон.

Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэдэд хяналт тавих, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

Аймгийн Статистикийн хэлтсээс бүртгэл мэдээллийн үйл ажиллагаанд багийн Засаг дарга нарын хуулиар хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын талаар болон хүн ам, мал тооллогын бүртгэл хийх тухай мэдээлэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ