Шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг олон нийтэд танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-03 15:15:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-иас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж өдгөө жил бүр 10 цуврал хэвлүүлж олон нийтийн хүртээл болгодог уламжлал тогтоод байна.


2020 онд 13 цуврал  бичиж, хэвлүүлсэн боловч  цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олон нийтэд хүргэх, түгээх ажил хойшлогдоод байсан юм. Тиймээс 2020, 2021 оны нийт 27 цуврал номыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг ШУА, Нийслэлийн боловсролын газартай хамтран  өнөөдөр зохион байгууллаа.

Шинжлэх ухаан танин мэдэхүйн эдгээр цуврал бүтээлийг ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид бичиж туурвидаг  бөгөөд Нийслэл болон орон нутгийн боловсролын газраар дамжуулан ЕБС болон бусад номын сангуудад үнэ төлбөргүй тараадаг юм.

Энэ үеэр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэхдээ, “Өнөөдөр нээлтээ хийж буй Шинжлэх ухааны хялбаршуулсан 27 дэвтэр нь нийт иргэдийн соён гэгээрэлд зориулсан бүтээл юм. Бид сүүлийн 7 жилд Нийслэлийн боловсролын газартай хамтраад хэд хэдэн цогц ажлыг зохион байгуулж тогтмолжуулаад явж байна. Бүхэлдээ өсвөр залуу үеийг шинжлэх ухааны эрдэм мэдлэгт дуртай болгох, нийт өргөн олонд  эрдэм мэдлэгийг түгээж, соён гэгээрүүлэхэд зориулсан ажил юм.   ШУА бол эрдэм мэдлэг түгээж, бүтээж олон нийтийг соён гэгээрүүлэх, үйлдвэрлэл практикт шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг нэгэн цогцоор авч  хэрэгжүүлэхийг  чармайн ажилладаг. Эдгээр цуврал бол шинжлэх ухааны тодорхой салбараар манай эрдэмтэн судлаачдын бичсэн шигшмэл бүтээлүүдийг  энгийн хялбаршуулсан, ойлгомжтой хэлбэрт оруулж  бүтээн туурвисан цувралууд юм” гэлээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн энэхүү цувралыг хүүхэд багачуудын хүлээж авах түвшинд хялбаршуулж бичсэнээрээ онцлог. Энэхүү цуврал нь хүүхэд, багачуудыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болж хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ өгч байгаа гэж бид үнэлдэг” гэв.


Холбоотой мэдээ