Шуурхай албаны авто машин, техник хэрэгслүүдийг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-09 12:39:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, шуурхай албаны 12 авто машин, 2 ширхэг олон үйлдэлт “Боб кат” техник, гал унтраах 2 ширхэг мотоциклыг өнөөдөр хүлээлгэн өглөө.


ОБЕГ-ын мэдээлснээр, тус байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг 2021 оныхтой харьцуулахад техник, тоног төхөөрөмжийн хангамж 31.5 хувиас 44.5, аврах ажиллагааны багаж хэрэгсэл 44.8 хувиас 63.6, тусгай зориулалтын хувцас хэрэгсэл 37.4 хувиас 62.4, гал унтраах зориулалтын багаж хэрэгслийн хангамж 38.9 хувиас 63.3, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангамж 20.2 хувиас 48.8 хувь болж нэмэгджээ.


Мөн Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42 м урт авто механик шатны хоёр, 32 м урт авто механик шатны 2 буюу нийт 4 автомашиныг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан юм. Эдгээр авто машиныг ОБЕГ-ын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэжээ.



Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь”, “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төслийг хэрэгжүүлснээр гамшгийн эрт зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэх, зайнаас тандан судлах, газар зүйн мэдээллийн системийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх зэргээр гамшигтай тэмцэх үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн хангамж улсын дунджаар 80 хувьд хүрэх ач холбогдолтой аж.







Холбоотой мэдээ