Зуунмод хотод хэрэглээний халуун устай худаг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-03 22:50:05

Төв /МОНЦАМЭ/ Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн 45 сая төгрөгийн санхүүжилтээр Зуунмод хотод анх удаа хэрэглээний халуун устай худгийг "Баялаг говь" ХХК барьж байгуулан Зуунмод хотын захирагчийн албанд хүлээлгэн өглөө. 

Тус худаг нь Зуунмод хотын Ланс 2-р багт байрлах бөгөөд иргэд жилийн 4 улиралд хүйтэн болон хэрэглээний халуун усыг авах боломжтой юм. Энэхүү худгийн үйл ажиллагааг албан ёсоор нээх үеэр Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгч, мэргэжилтэн нар хүрэлцэн ирж 10 өрхөд зориулалтын усны сав гардууллаа.


Уг худгийг хүлээж авах ёслолын үеэр Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Ус бол бүх амьд биетийн чухал элемент юм. Өнөөдөр гэр хорооллын айл өрхүүд хэрэглээний халуун, хүйтэн усаа худгаасаа авах боломж бүрдэж байгаад маш их талархалтай байна. Энэхүү байгууламжийг бий болгоход бидний саналыг хүлээн авч туслалцаа үзүүлсэн Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн иргэн бүр хотдоо шинээр бий болж буй бүтээл, байгууламжуудаа хайрлан хамгаалж зөв зүйтэй ашиглахыг хүсье” хэмээн уриалсан юм. 



Холбоотой мэдээ