Төр засгийн тэргүүд АСЕМ-ын дурсгалын самбарт гарын үсгээ үлдээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-15 12:24:09

Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцож буй гадаад улс орнуудын төр засгийн тэргүүд, төлөөлөгчид АСЕМ-ын дурсгалын самбарт гарын үсгээ үлдээв. 

Өнөөдөр өглөө 07.00 цагаас эхэлсэн АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээнд АСЕМ-ын гишүүн 51 орон, олон улсын хоёр байгууллагаас төр засгийн тэргүүд, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм. Төрийн тэргүүний түвшинд Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Кипр улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадес, Латви улсын Ерөнхийлөгч Раймондс Вейонис, Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Хорват улсын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович, Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан, Швейцар улсын Ерөнхийлөгч Йоханн Шнайдер-Амманн, Индонези улсын дэд Ерөнхийлөгч Мухаммад Юсуф Калла, Энэтхэг улсын дэд Ерөнхийлөгч Хамид Ансари нар хүрэлцэн ирсэн. 

Засгийн газрын тэргүүний түвшинд ХБНГУ-ын Холбооны канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, БНХАУ-ын Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Нидерланд Ерөнхий сайд Марк Руттэ зэрэг нийт 24 орны Ерөнхий сайд, Шадар сайд хүрэлцэн ирээд байна. Бусад түвшинд 16 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар, Европын холбооноос Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Европын Гадаад харилцааны алба Дээд төлөөлөгч Федерика Могерини, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Луонг Минь нар хүрэлцэн ирсэн юм.  

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ