Франц, Йордан руу зорчихгүй байхыг aмерикчуудад зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-07 15:28:10

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ Франц, Йордан, Португал, Танзани руу зорчихгүй байхыг даваа гарагт америкчуудад зөвлөжээ.


Ингэснээр тус төвийн “COVID-19” халдварын эрсдэл өндөр орнуудын ангилалд 83 улс ороод байна. Мөн даваа гарагт Андорра, Кипр, Лихтенштайныг уг жагсаалтад нэмж оруулжээ.


Францын эрх баригчид “омикрон” хувилбарын тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан хүн хоорондын зай барих арга хэмжээнүүдийг чангатгаж, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно гэдгээ даваа гарагт мэдэгдсэн юм. Гэхдээ одоогоор хөл хорио, хөл хорих цаг тогтоох шаардлагагүй гэж үзжээ.


Тус улсын Ерөнхий сайд Жан Кастексийн мэдэгдсэнээр, цар тахлын тав дахь давлагаа дэгдээд байгаа ч 52 сая иргэн буюу вакцинд хамрагдах насны хүн амын 90 орчим хувь нь вакцин хийлгэсэн тул өмнөх тархалтуудтай харьцуулахад нөхцөл байдал сайжирсан гэдгийг онцолжээ. Францад даваа гаргийн байдлаар “омикрон” хувилбарын 25 тохиолдол илэрчээ.


АНУ-д хилийн чанадаас ирэх иргэдээс нэг хоногийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариу сөрөг гарсныг батлах шинэ журам мөн даваа гаргаас хэрэгжиж эхэлжээ. Өмнө нь тус улс вакцинд хамрагдсан зорчигчдоос гурван хоногийн дотор өгсөн шинжилгээний хариу шаардаж байсан юм.


Мөн Цагаан ордон “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн Африкийн өмнөд хэсгийн найман орноос ирэх гадаадын иргэдэд хилээ хаасан ч шинэ хувилбар илэрсэн орнуудад ийм хязгаарлалт тогтоохгүй байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки даваа гарагт мэдээлэхдээ, Африкийн орнуудад тавьсан зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг өдөр тутам үнэлж хэлэлцэж байгаа гэжээ. 

Холбоотой мэдээ