Баялгаа барагдахаас өмнө сантай болж дэвжиж чадах уу

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-12-16 13:32:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн том, хамгийн өндөр чанартай зэсийн ордын нэг зэс, алтны Оюутолгой төслийн өгөөжийг монголчууд хүртэж эхлэх боломж нэг алхам урагшиллаа. Учир нь Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай санал тавьсан захидлыг Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд хэмээн хаяглаж ирүүлсэн юм. Ингэснээр тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өрнөөс Эрдэнэс Оюу Толгой ХХК ангижирч байна. Энэ мэт Монголын талд ашигтай таван саналыг Рио Тинто-гоос ирүүлснээр  сүүлийн 12 жилийн турш шийдэж чадаагүй байсан асуудалд нааштай том алхам болов.


Байдал нааштайгаар эргэж байгаагийн зэрэгцээ бид одоо баялгаа хэрхэн зөв зохистой засаглалаар удирдах вэ гэдэг асуудал юу юунаас чухал болж байна. Хэдийгээр асар их хэмжээний баялаг байгаад, асар их ашиг олоод ч түүнийгээ ухаалаг удирдлагаар зарцуулж чадахгүй бол нэмэргүй. Хэрхэн баялгаас олох өгөөждөө эзний сэтгэлээр хандаж, иргэдийнхээ, энэ улсынхаа сайн сайханд нэмэр хүртээх вэ гэдэг л хамгаас том асуудал. Өөрөөр хэлбэл, одоо бидний өмнө дэлхийд тэргүүнд жагсдаг их баялаг хөрөнгөө үр ашигт хүргэх ажил тулгараад байна. Манайхаас бага баялгаараа маш хурдан их хөлжиж, хөгжиж чадсан жишээнүүд олон. Яаж вэ гэж үү. Тэд ухаалаг, сайн засаглалаар хөрөнгөө зөв удирдаж чадсанд л хамаг учир байна. Үүний тулд юун түрүүнд баялгийн өгөөжөө төвлөрүүлэх сантай болох. Хуулиндаа “газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан. 


Бидэнд сан байхгүй биш бий. Манайд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан бий. "Ирээдүйн өв сан"-гийн хуулийг 2016 онд баталж баялгийн өгөөжөө энэ санд хадгалж эхэлсэн. Үүний өмнөх түүхийг дурьдвал 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, анхны баялгийн санг байгуулсан байдаг. Уг санд ашигт малтмалын орлогоос тодорхой хэсгийг төвлөрүүлж, түүнийгээ өсгөн нэмэгдүүлэх, иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой байсан боловч эцэстээ энэ сангийн өр 450 тэрбумд хүрснээр Хүний хөгжлийн сангийн хуулийг 2016 онд хүчингүй болгосон юм. Орлого бүрдүүлж чадаагүй, бэлэн мөнгө тарааж асар их зарлагатай байсан нь сангийн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн. Одоо Ирээдүйн өв сан дээрх өрийн үлдэгдлийг төлж дуусгах юм.


Одоогийн Ирээдүйн өв сангийн тухай хууль нь учир дутагдалтай, баялгийн сайн санг бий болгох оролдлого хийж байсан ч амжилтад хүрэлгүй өдий хүрсэн. 2021-2025 онд Монгол Улсыг хөгжүүлэх таван үндсэн чиглэлд Үндэсний баялгийн сан байгуулна гэж тусгасан. УИХ-аар хэлэлцэх гэж байна. Газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш шударгаар хүртээх агуулга бүхий хуулийн төслийг боловсруулж байгаа.


"Ирээдүйн өв сан" гэж байсаар атал Баялгийн сан байгуулах, хууль батлах юунд хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирэх магадлалтай. Тэгвэл энэ сан, сангийн тухай хууль нь олон улсын суурь зарчимд нийцэхгүй байгаа гэж үзэж байгаа юм. Баялгийн сан ямар байвал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сан болж чадах вэ гэвэл, нэгдүгээрт, -Төрийн эзэмшлийн байх, хоёрдугаарт -макро эдийн засгийн бодлогыг дэмждэг байх, удаах нь -Баялгаасаа орлого төвлөрүүлэх, эцэст нь – төвлөрсөн орлогыг иргэддээ тэгш хуваарилах. Өмнөх хуулийн агуулга санаа нь чухамдаа ийм юм шиг боловч үнэндээ Монголын хөрсөнд буухгүй, бодитой үр дүнд хүрэхгүй байгаа нь учир дутагдалтайг нь илтгэж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, баялгаас ашиг олж болох ч ашгаа зарцуулах, зөв ашиглах нь амар биш гэсэн үг. 


Одоо манайд бий болгох гэж оролдож буй Баялгийн сангийн үндсэн зарчим нь дээр өгүүлсэн Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын гэсэн хоёр сан дээр нэмж Хөгжлийн, Хуримтлалын нэгдсэн санг байгуулах зүй зохистой удирдлага бүхий тогтолцоотой болгоход чиглэнэ гэж байгаа. Үндсэндээ -Хуримтлалын, -Тогтворжуулалтын, -Хөгжлийн гэсэн гурван үндсэн чиглэлтэй  Үндэсний баялгийн сан бий болно гэсэн үг. Чиглэл тус бүр нь өөрийн үүрэгтэй. Тухайлбал, Хөгжлийн сан нь эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжин төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн байна. Хуримтлалын сангаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх, нийгмийн даатгалын сан, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг зохистой удирдах гэх мэт зохион байгуулалттай байх төлөвлөгөөтэй байна.




Баялгийг шударга, хүртээмжтэй хуваарилахын тулд юу хийх ёстойг олон улсын сайн туршлагууд бэлхнээ заагаад өгчихсөн байна. Дэлхийд хамгийн амжилттай яваа, баялгаа зөв зарцуулж байгаа тод жишээ бол Норвегийн сан. Хажууханд Казахстан улс ч баялгаараа баттай ирээдүйгээ бий болгоод эхэлчихсэн явна.


Норвегийн баялгийн сан /Тэтгэврийн сан/ бол 100 хувь ард түмнийх нь өмч, сангаас олох ашгийг иргэд нь тэнцүү хүртэх эрхтэй байдаг байна. Энэ сан нь байгалийн баялгаасаа шууд санхүүждэггүй. Харин баялгаас олсон ашгаараа хувийн компани, үл хөдлөх хөрөнгийн болон олон улсын зээлийн бондуудыг хуульд заасны дагуу санхүүжүүлдэг. Тэрхүү санхүүжилтээс олсон орлогыг эргээд баялгийн санд оруулж хөрөнгийг тогтмол нэмэгдүүлж байдаг. Иргэддээ олгосон ногдол ашиг нь олон мянган ам.долларт хүрсэн, богино хугацаанд дэлхийн хамгийн баян улсын нэгэнд зүй ёсоор орсон төдийгүй энэ дэлхийн алдартай том том компаниудад Норвегийн сан хөрөнгө оруулалт хийсэн юм. Өнөөдөр норвегичүүд хамгийн өндөр тэтгэвэр авдгаараа дэлхийд тэргүүлж байгаа. Гэсэн хэдий ч хуримтлалаа хэрхэн илүү нэмж сайжруулах талаар одоо ч анхаарал хандуулсан хэвээр.


Эндээс харахад сангийн хөрөнгийг хуримтлуулж хадгалах, зарцуулахаас гадна арвижуулах менежмент нь маш чухал. Баялгийн өгөөжийг хэрхэн үр ашигт хүргэх, өсгөн үржүүлэх, улс орны хөгжилд яаж нэмэр болгоход төрийн тогтвортой, алсыг харсан бодлого мэдээж нэн тэргүүний асуудал.


Монголын баялаг барагдашгүй зүйл биш. Маргааш биш ч ирээдүйд шавхагдах нь тодорхой. Тийм болохоор цаг хугацаа алдалгүй ухаалаг менежментээр баялгийн орлогыг удирдаж чаддаг болоход Баялгийн сангийн шинэ, ухаалаг хууль хэрэгтэй байна.


Аз болоход бидэнд баялаг нь бэлэн байна, баялгаа хэрхэн зарцуулдаг тухай хуулаад авах сайн жишээ ч бэлэн байна. Монголын баялаг цөөн хүний өмч биш, бүх монголчуудын хүртэх ёстой зүйл. Үүнийг шударгаар, тэгш хүртээмжтэйгээр хуваарилж дараа дараачийн үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Баялаг хүртэнэ гэдэг бол алт, зэс худалдаж олсон мөнгөө сар бүр хувааж аваад идэх гэсэн үг биш. Баялаг барагдсаны дараа ч өгөөж нь үлдсэн байх тийм засаглал л бидэнд хэрэгтэй. Ингэхийн тулд Баялгийн санг хамгийн боловсронгуй хувилбараар бий болгох зайлшгүй шаардлага шийдлээ хүлээсээр он олныг үджээ. 




Холбоотой мэдээ