2,2 тэрбум төгрөгийг 24 сумын ОНХС-д хуваарилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Энэ онд тус аймгийн 16 сум орон нутгийн хөгжлийн сангаас 293.7 сая төгрөгийн урамшуулал авчээ.
Тодруулбал, “Тогтвортой амьжиргаа-3" төслөөс Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-г хийжээ. Завхан аймгийн сумдын үнэлгээний дундаж 2016 онд 23 хувь, 2017 онд 29 хувь, 2018 онд 45 хувь, 2019 онд 56 хувь, 2020 онд 56 хувьд хүрсэн нь жил болгоны дундаж үнэлгээ нэмэгдэж байгааг харуулж байна.
2017-2019 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ний үр дүнд болзол хангасан сумдад Орон нутгийн хөгжлийн сангийнх нь өмнөх жилийн санхүүжилтийн 25 хувьтай тэнцэх хэмжээний “урамшуулал” олгодог байсан бол 2020 онд хийсэн үнэлгээгээр 80 хувиас дээш үнэлүүлсэн сумдад 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн 50 хувь. 60-79 хувийн оноотой дүгнэгдсэн сумдад 40 хувь, 54-59 хувийн оноотой сумдад 25 хувьтай тус тус тэнцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2021 онд олгохоор тооцсоноороо онцлог юм.
Өөрөөр хэлбэл ОНХС-гийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэн харьцангуй өндөр оноо авсан сумд ОНХС-гийн хөрөнгийнхөө хэмжээг нь нэмэгдүүлдэг билээ. Ийнхүү авсан онооны дарааллаар жагсаан Дэлхийн банкнаас 2021 онд урамшуулалд 2.3 сая ам долларыг хуваарилахад Монгол Улсын нийт сумын 68 хувь буюу 225 сум урамшуулал авах болзлыг хангажээ. Үүнээс Завхан аймгийн 16 сум 293,7 сая төгрөгийн урамшуулал авах болзлыг хангажээ.
Төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан ОНХС-гийн санхүүжилтийн хэмжээ буурч, тэр хэмжээгээр орон нутагт хийх хөрөнгө оруулалт багасч байсантай холбогдуулан "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс 2018 оноос эхлэн нийт 330 сумын ОНХС-д “ерөнхий дэмжлэг” олгож эхэлсэн. Тэгвэл Завхан аймгийн хувьд 2018-2021 онд бүх 24 сум нийт 1546,5 сая төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авч ОНХС-гийн хөрөнгөө нэмэгдүүлсэн бол 2021 онд 116,7 сая төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авах юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө Завхан аймагт хэрхэн зарцуулагдсан бэ?
2020 оны хувьд Завхан аймгийн 24
сумын ОНХС-д нийт 1,866.8 сая төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ хөрөнгийг 2019
оны иргэдийн саналд тулгуурлан 2020 онд хөрөнгө оруулалтуудад зарцуулсан
байна.
Завханы сумд ОНХС-гийн хөрөнгөөр орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, худагт ухаалаг тоолуур нэвтрүүлэх. Булаг, шандыг хамгаалах, хогийг хашаажуулах, устгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулсан байна.
Ташрамд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан “ОНХНС болон ОНХС-гаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”-ын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. Тэгвэл 2021 онд Завхан аймгийн ОНХС-д нийт 5,9 тэрбум төгрөг хуваарилагдсаны 30 хувь буюу 2,2 тэрбум төгрөгийг 24 сумынхаа ОНХС-д хуваарилжээ.