Япон, АНУ “2+2” хэлбэрийн уулзалт хийхээр төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Япон, АНУ ирэх нэгдүгээр сарын эхээр Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээг Вашингтон хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Японы Засгийн
газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан
хамгаалахын сайд Киши Нобүо нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони
Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нартай нэгдүгээр сарын 7-ны өдөр
“2+2” хэлбэрийн уулзалт
хийхээр товлож байгаа ажээ.
Энэхүү уулзалт нь
хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж Японы Засгийн
газар найдаж байна. Японы төлөөлөгчид БНХАУ далай тэнгис дэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлж
буйд санаа зовниж буйгаа илэрхийлж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын ач холбогдлыг дахин нотлох хүсэлтэй байгаа ажээ.
Мөн Япон улс
АНУ-ын цэргүүдийг улс орондоо байршуулах зардлын хариуцах хэмжээгээ нэмэгдүүлнэ
гэдгийг батлахаар төлөвлөж байна. Түүнчлэн коронавирусний цар тахал, уур
амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдсан асуудлаар санал солилцож,
эдгээрийг зохицуулахад нэгдсэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэх төлөвтэй
байна.
Энэ оны
гуравдугаар сард Япон, АНУ Ерөнхийлөгч Жо Байденыг үүрэгт ажилдаа орсноос
хойших анхны “2+2” хэлбэрийн
уулзалтаа Токио хотноо хийж, оны эцэс гэхэд дахин нэг уулзалт хийхээр төлөвлөөд
байсан юм. Гэвч хоёр талын хуваарийн улмаас уулзалтыг товлоход хүндрэлтэй
байгааг Японы эх сурвалжууд мэдээлжээ.