ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-17 09:27:26

БРЮССЕЛЬ. /RT/. Европын Холбооны /ЕХ/ 27 орны удирдагчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зургаан сараар сунгах шийдвэр гаргажээ.


Энэ тухай баасан гаргийн орой дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэв.


“ЕХ-ны 27 орны удирдагчид ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээг сунгах шийдвэрийг санал нэгтэй гаргалаа. Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид ОХУ-д уриалж байна” гэж Ш.Мишель хэлсэн байна. Тэрбээр Украины эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Орос улс "хатуу хариу арга хэмжээтэй" тулгарах болно гэж мэдэгдэв. ЕХ яг ямар арга хэмжээ авах талаарх асуултад Европын зөвлөлийн тэргүүн ч, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен ч тодорхой хариулт өгөөгүй байна.


Донбасс дахь мөргөлдөөн бол Украины дотоод зөрчил бөгөөд Орос улс ЕАБХАБ, Франц, Германы хамтаар Минскийн гэрээний хүрээнд мөргөлдөөнийг зохицуулахад зөвхөн зуучлагчийн л үүрэг гүйцэтгэж буй гэж Москва нэг бус удаа мэдэгджээ.


ЕХ 2014 онд Украинд болсон үйл явдал болон Крымийг Орос улсад нэгтгэсэнтэй холбогдуулан тус улсад хориг арга хэмжээ авсан юм. Хязгаарлалтын арга хэмжээг хэд хэдэн удаа өргөжүүлж, сунгасан. Түүнчлэн визгүй зорчих тухай болон хамтын ажиллагааны шинэ суурь хэлэлцээг түр зогсоож, ОХУ-ын албан тушаалтныг ЕХ-ны орнуудад нэвтрэхийг хориглож, эд хөрөнгийг нь битүүмжилжээ. Мөн худалдаа, санхүү, цэргийн шинж чанартай хязгаарлалтын арга хэмжээг нэвтрүүлсэн байна. Үүний хариуд ОХУ ЕХ-ны орнуудаас хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ.


Холбоотой мэдээ