АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-23 14:38:00

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн департаментын лхагва гарагт нийтэлсэн тоо баримтаас үзвэл, улс хоорондын болон хувийн гэрээний дагуу хийгдсэн АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2021 оны санхүүгийн жилд 138 тэрбум ам.доллар болж буурчээ.


Төрийн департаментаас мэдээлж буйгаар, 2021 онд зэвсэг нийлүүлэх талаар засгийн газар хооронд хийсэн гэрээний нийт хэмжээ 34.81 тэрбум ам.долларт хүрсэн бол хувийн салбарт хийсэн гэрээний хэмжээ 103.4 тэрбум ам.доллар болсон байна.


2020 оны санхүүгийн жилд эдгээр үзүүлэлт 50.78 тэрбум ам.доллар болон 124.3 тэрбум ам.доллартой тус тус тэнцэж байжээ. Ингэснээр нийт дүн нь 175 тэрбум ам.доллар болсон бөгөөд өөрөөр хэлбэл энэ онд экспортын хэмжээ нь 21 орчим хувиар буурсан гэсэн үг юм. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа зэвсгийн экспортын талаар шинэ бодлого боловсруулж байгаа тухай “Reuters” агентлаг өмнө нь эх сурвалжуудээс эш татан мэдээлжээ. Шинэ бодлогын хүрээнд зэвсэг худалдан авах улс орнуудын хүний ​​эрхийн байдалд илүү их анхаарал хандуулах аж. Шинэ журам нь зэвсэг экспортлохдоо Америкийн зэвсэг үйлдвэрлэгчдийн эдийн засгийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байсан АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогоос ямар нэгэн байдлаар ухарсан хэрэг болно гэж тус агентлаг онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ