Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө-"Шинэ сэргэлтийн бодлого"

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2022-01-05 13:21:41


Дэлхий даяар цар тахлын улмаас геополитикийн асар их бэрхшээл үүссэн энэ цаг үед эдийн засгийн бодлогыг хамгийн ухаалаг замаар удирдах, хамгийн сайн замыг сонгох хариуцлагатай үүрэг Монгол Улсын Засгийн Газарт ногдож байгаа.  Сүүлийн 30 жилд бий болоогүй эдийн засгийн агшилтыг цар тахлын үед амсаад байгаа манай улсын хувьд бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, вирусийн шинэ шинэ хувилбарууд сорилт болж байна.


Эдийн засгийн хөгжлийг дэмжихээс гадна эдийн засгийн хөгжилд саад болж буй олон асуудлыг шийдвэрлэх Шинэ сэргэлтийн бодлого-ыг УИХ оны өмнөхөн баталсан. Энэ нь зөвхөн цар тахлын үеийг давж өнгөрөөх арга саам биш, урт хугацаанд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх суурь үндэс болох юм. Ингээд онцгой нөхцөлд тохирсон шийдвэртэй алхмуудыг хийж хэрэгжүүлэх, хамгийн оновчтой хувилбар сонгон ажиллахаа Засгийн Газрын тэргүүн зарлалаа.


Монгол Улсын хөгжлийг хойш татдаг суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай хэмээн тооцоолсон байна. Аль ч Засгийн Газарт аливаа хүнд цаг үеийг туулах сорилт тулгардаг ч ковидын үеийг санхүү эдийн засгийн уналтад хэт оролгүй, хохирол багатай давах гэдэг бол маш том хариуцлага юм.


Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх  цогц төлөвлөгөө гэж хэлж болохоор байна. Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх тэдгээр багц асуудлыг дор тоймлов.



БООМТЫН СЭРГЭЛТ

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага эртнээс бий болсон зүйл. Үүнийг онцгой анхаарч боомтын хүчин чадлаараа дэлхийн 160 улсаас 130-д эрэмбэлэгддэг улсынхаа энэ сул талыг богино хугацаанд засаж сайжруулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан Шинэ сэргэлтийн бодлого” түлхэц болох найдвар байна.


Боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах их ажлыг даруй эхлүүлэхэд Монгол Улсын Засгийн Газар хүч гаргахаа илэрхийлж байнаШинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллах юм.



ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч шинэ эх үүсвэр барьж байгуулж чадалгүй 40 орчим жил болсон. Одоо жилдээ 400 гаруй тэрбум төгрөг эрчим хүчний импортод зарцуулдаг, дулаан, цахилгаан станцуудын 40-өөс илүү хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан манай улс эрчим хүчээ сэргээх, шинэ эх үүсвэрүүд бий болгох цаг хэдийнэ ирсэн.  Шинэ сэргэлтийн бодлого-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулахыг зорьж байна


Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх ажилд онцгой анхаарахаа Ерөнхий сайд мэдэгдлээ. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам өндөр үүрэг оролцоотой байх юм. Мөн бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн дулааны цахилгаан станцуудын ажлыг цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах зэрэг эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал төлөвлөгөө боловсруулсан байна. 



АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ

Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр экспортод гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг аж үйлдвэржилтийн бодлого нэгэнт алдагдсан улс. Шинэ сэргэлтийн бодлого-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна гэж буй. Ийнхүү аж үйлдвэржсэн улс болох зорилт тавьж байгаа нь эдийн засгийн бие даасан байдлын эхлэл болох найдвар байна. 


Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм нь. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулж, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг яаравчлан зохион байгуулна гэж Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан. Манай улсын эдийн засгийн бие даасан байдалд асар их нөлөө үзүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох тухай асуудал энэ бодлогод тод туссан байгаа нь онцлууштай.

Аж үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчилж, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, орчин үеийн дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн хөгжих боломж Монголд бий.  



ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ

Хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатарт их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь төвлөрч байна.  Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэдэгЖил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, үүнийг дагасан автозамын түгжрэлээс эхлээд нийгмийг бухимдуулсан олон асуудал шил даран үүсч байна.


Энэ бүхэнд улс төрийн хэт тогтворгүй байдал, сонгуулийн хийрхэл, асуудлыг гал унтраах байдлаар шийдэж ирсэн явдал гэж үзэж болох юм.  Хөдөөг хөгжүүлэх замаар хотын төвлөрлийг багасгах, шинэ суурьшлын бүсүүд бий болгож ажлын байр байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийг бодлогоор дэмжих гэх мэт олон гарц гаргалгааг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эхлүүлэх юм.  Түүнчлэн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжих, хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох нь энэ бодлогын нэг хэсэг нь.


Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, Богдхан төмөр замын ажлыг эхлүүлэн нийслэл хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачааллыг бууруулах, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэх их ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байна.


НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.  Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгана гэж байгаа


Мөн бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэЦөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь мал аж ахуй голлон эрхэлдэг манай улсын хувьд том бэрхшээл болж байгаа. Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулахад анхаарал тавих зүй ёсны шаардлага бий юм.



ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ

Шинэ сэргэлтийн бодлогод төр иргэд, аж ахуйн нэгжид боломж олгодог, дэмжиж урамшуулдаг зарчмаар ажиллахын зэрэгцээ төрийн бүтээмжийг эрс сайжруулах тухай тусгажээ. Монгол Улсын хувьд улирлын чанартай бүтээн байгуулалтын бүтээмж сулардаг тал бий. Бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогт тохирсон төрийн зохион байгуулалтыг уламжлалт, алдаатай хэв маягаас салгах шаардлага бий. Тухайлбал өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашигладаг болох зохион байгуулалтын наад захын зүйлсийг хүртэл шинэ сэргэлтийн бодлого өөртөө агуулж байна.


Мөн төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл гэх мэт бэрхшээл дарамт болдог асуудал бүхнийг эмх цэгцэд оруулна гэсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэн, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах үе шаттай ажил ч мөдхөн эхлэх нь.  Түүнчлэн авлигын индексээр манай улс дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа, тиймээс авлигатай тэмцэх ажлыг өндөр хэмжээнд анхаарч үзнэ гэж  Ерөнхий сайд онцлов.

 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор харуулав”.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр:

-Боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө.

-Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана. 
-Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно.
-Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж,  эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэнэ.

-Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна.







Холбоотой мэдээ