Цэцэрлэгийн шинэ өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТАГТ | Увс
batkhuu@montsame.mn
2022-01-10 21:01:29

Увс /МОНЦАМЭ Улаангом сумын 6-р цэцэрлэгт улсын төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн шинэ барилга барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. 

Уг өргөтгөлд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 30 сая, аймгийн Засаг даргын захирамжаар 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн тохижилтийн ажил хийсэн байна. Тус цэцэрлэгийн барилгын өргөтгөл барьснаар хүчин чадал 75 суудлаар буюу 3 бүлгээр нэмэгдэж, нийт 175 суудалтай 7 бүлэг хичээллэх боломжтой болжээ. Ингэснээр Улаангом сумын 1, 8-р багийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах орчин нөхцөл бүрдээд байна.

Аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд боловсролын салбарт 13 тэрбум төгрөгийн, сумдын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд 702,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл, тохижилтийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар аймаг, сумдын ИТХ-аар шийдвэрлэсэн бөгөөд эдгээр ажлыг агентлаг, албан байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Холбоотой мэдээ