“Дугуйтай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг 2021-2025 онд хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-12 13:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дугуйтай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт анх удаа “Монголын олон өдөр 2022” мөн уулын дугуйн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн нээлттэй зохион байгуулах талаар Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос мэдээллээ.

 

Тус хөтөлбөрийг дэмжсэн Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, “Монгол-Алтай” дугуйн холбооны тэргүүн хурандаа Д.Цэрэндорж нар болон нийт ховдынхондоо МДХ-ноос талархал илэрхийлж байна.

 

Хот суурин газрын авто машины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдралын хэвшилд сургах, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 172 дугаар тогтоолоор “Дугуйтай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг баталжээ.

 

Тус хөтөлбөрийг дараах 2 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

 

1. Унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгох, сурталчлах, хүн бүр хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сэтгэлгээг хөгжүүлж, дугуй сонирхогчдын хамтын ажиллагааг сайжруулна.

 

2. Унадаг дугуйгаар зорчих, аялах орчин нөхцөлийг сайжруулна.

 

Тус хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн холбоо клубүүд, дугуй сонирхогчид биетээр болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дугуйн төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулах, унадаг дугуй сонирхогч иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, унадаг дугуйн клуб байгуулах арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгууллага, аж ахуй нэгж бүр унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэх юм.


Мөн шатахууны зардлыг хэмнэж, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх, нээлтийн өдөрлөг хаалтын өдөрлөг зохион байгуулж, аймгийн аварга шалгаруулах уулын болон засмал замын бүх төрлийн дугуйн тэмцээн зохион байгуулж, жил бүрийн эхний долоо хоногт аймгийн хэмжээнд машингүй өдөр зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

 

Түүнчлэн Биеийн тамир спортын газарт мэргэжлийн унадаг дугуйны дасгалжуулагчийн орон тоог бий болгож, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эрүүл чийрэг залуу үеийг төрүүлэхэд анхаарч ЕБС-иуд болон байгууллага, иргэдийн өргөн оролцоотой унадаг дугуйн аяллуудыг зохион байгуулах, Улсын чанартай дугуйн уралдаан тэмцээнийг Ховд аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөжээ.


"Дугуйтай Ховд" аймгийн дэд хөтөлбөрийг 2021-2025 онуудад хэрэгжүүлж, хөтөлбөрт Ховд аймгийн 17 сумын иргэд хамрагдах юм байна.



Холбоотой мэдээ