“Хөдөлмөр сургалтын танхим”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-13 22:31:57

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, “Хөдөлмөр сургалтын танхим” туршилтын төслийг Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүллээ.

Уг төслийн хүрээнд  Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд 15 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Ингэснээр тус сургууль ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Хөдөлмөр сургалтын танхим”-тай болжээ.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр сургалтын танхимыг Насан туршийн боловсролын багш хариуцан ажиллуулах аж. Ингэснээр тус сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийн тухай, хөдөлмөрийн харилцаатай холбогдох ерөнхий мэдлэг, их дээд сургуулиудын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын танилцуулга, гарын ур дүй хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулах юм байна..

Холбоотой мэдээ