Хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд эрүүл мэндийн багц авах шаардлагагүйг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2022-01-14 12:01:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангаас коронавирусээр халдварласан хүмүүст эмийн багц олгох журам үйлчилсэн хэвээр байна.


Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дахин өвдсөн тохиолдолд Эрүүл мэндийн багц олгож байгааг тодотгоод, “Энэ удаа омикрон хувилбарын өвчлөл хөнгөн хэлбэрээр байгаа. Иргэд вакцинд идэвхтэй хамрагдаж байгаа тохиолдолд томуу, томуу төст бусад өвчний адил гэртээ тусгаарлан, 38 хэмээс дээш халуурвал халууны эм ууж, хоолойгоо зайлаад, ханиалгын эм уугаад эдгэх боломжтой. Иргэн бүр эмийн багц аваад явбал ЭМД-ын санд байгаа таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах ёстой мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Тэгэхээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд багц авах гэх шаардлагагүй байх гэж бодож байна” гэлээ.  

 

Өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгосон 160 мянган төгрөг нь эм, өрхийн эмнэлгийн зардал, эмч нарын ажлын хөлс багтсан багц юм. Үүнд 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг тэрбээр нэмж дурдав.


 

Холбоотой мэдээ