Алтайн сонгино бол устах аюулд орж болзошгүй ургамал

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-17 16:33:13

Ховд /МОНЦАМЭ/. Иргэд ашиг олох зорилгоор алтайн сонгино түүж бэлтгэхгүй байхыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уриаллаа. 

Алтайн сонгино нь Монгол Улсын "Улаан ном" болон ховор ургамлын жагсаалтад орсон, байгалийн жамаараа нөхөн сэргэх нөөц боломж хязгаарлагдмал, устах аюулд орж болзошгүй ургамлын нэг юм.

Өнгөрсөн 2021 онд тус аймагт алтайн сонгино түүсэн гэх хоёр зөрчил илэрч байжээ. Харин энэ онд алтайн сонгино түүсэн гэх зөрчил бүртгэгдээгүй байгаа боловч сүүлийн үед цахим орчинд “Алтайн сонгино зарна” гэсэн зарлал явах болсон байна.

“Хүний буруутай үйл ажиллагаа, тэр дундаа боловсорч гүйцээгүй байхад хулгайгаар их хэмжээгээр түүж бэлтгэх, ашиг олох зорилгоор худалдан борлуулах үйл ажиллагааны улмаас алтайн сонгино устах аюулд ороод байна. Иймээс иргэд төрөлх нутгаа хайрлан хамгаалж, алтайн сонгиноо авч үлдье” гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уриалга дэвшүүлэв. 

Тус ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд байгальд учруулсан хор хохирлыг төлүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр алтайн сонгино хуурай жинд килограмм тутамд 287800 төгрөг, нойтон жинд килограмм тутамд 126700 төгрөгийн торгуультай байдаг аж.  


Холбоотой мэдээ