“Үр үйлдвэрлэлийн лаборатори”-ийг Я.Оюунбилэг агсны нэрэмжит болголоо

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-01-17 18:07:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлаж буй Малын удмын сангийн үндэсний төвийн “Үр үйлдвэрлэлийн лаборатор”-ийг Монгол Улсын зөвлөх мал зүйч Ядамсүрэнгийн Оюунбилэг агсны нэрэмжит болголоо.

Монгол Улсын малын ашиг, шимийг сайжруулах, малын үржил, селекцийн арга ажиллагаанд биотехнологийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх их үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн тус лабораторийг түүний нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан.

Уг  тогтоолын хэрэгжилтийг хангаж, албан ёсны үйл ажиллагааг өнгөрсөн пүрэв гарагт Малын удмын сангийн үндэсний цогцолборт зохион байгууллаа.

Тус төвийг Дархан-Уул аймагт анх байгуулах, зураг төсөл гаргахаас нь эхлэн Я.Оюунбилэг агсан бодит ажил хэрэг болоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг оролцогчид онцлон дурсаж байлаа. Мөн тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд тус төвийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулж байсан юм.

Малын удмын сангийн үндэсний төвийн үр үйлдвэрлэлийн лаборатори нь жилдээ 30 мянган тун үр үйлдвэрлэх, боловсруулах хүчин чадалтай аж. Баталгаажсан үүлдэр омгийн болон гадны өндөр ашиг, шимт малын үрийг боловсруулах, түүнийгээ Монгол Улсын хэмжээнд малчин өрх бүрт хүргэх эх үүсвэрийг бэлтгэж байна. Өдөртөө 2500 тун үрийг савлан бүртгэлжүүлж байна. 

Холбоотой мэдээ