Улиас мод тарьж, ургуулах бэлтгэл ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-19 14:44:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн 2021 онд ой зохион байгуулалтын ажил хийж, ойн сангийн нийт талбайг 812.9 мянган га гэж тогтоосон байна.

Ойн санг бүрдүүлэн ургаж буй моддын зүйлийн бүрдлийн хувьд шинэс 4806 га буюу талбайн 2.0 хувь, хус 234 га буюу 0.1 хувь, улиас 131 га буюу 0.05 хувийг эзэлж байна. Мөн 223327 га буюу талбайн 96.4 хувьд заг, 3182 га буюу талбайн 1.3 хувьд бургас мод ургаж буй. 

Ховдынхон өнгөрсөн оны хавар, намрын мод тарих ажлын үeэр 7 төрөл зүйлийн 47316 ширхэг мод тарьжээ.

Тэгвэл өдгөө Монгол Улсын Eрөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймаг 10 жилийн хугацаанд 20  сая мод тарих хариуцлагын гэрээ байгуулсан.

Энэ хүрээнд мод тарих эхний шатны ажлуудыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулж, бэлтгэл хангаж эхэлсэн байна.   

Ховд аймгийн нутагт илүү тохирох модлог ургамлын нэг бол улиас юм. Улиасыг ихэвчлэн мөчрөөр, тайрдсаар үржүүлнэ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойжуулагч Х.Ганчулуун улиас модны мөчрийг тайван байх үед (2022.01.18) зориулалтын дагуу бэлтгэжээ. Тэрбээр эхний ээлжинд 500 ширхэг улиасны мөчир тээвэрлэн, суулгац хадгалах зооринд хадгаллаа. Мод тарьж, ургуулах ажил эндээс л эхэлнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо. 

Энэ онд Ховд аймаг урьдчилсан байдлаар 100 мянга орчим мод тарихаар төлөвлөсөн аж. Үүнд улиас, бургас зэрэг олон төрлийн мод багтах юм.   

 

Холбоотой мэдээ