Нийгмийн даатгалын сангийн орлого 735.4 тэрбумаар нэмэгджээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-20 09:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 3423.7 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 735.4 (27.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 581.8 (28.5 хувь) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 64.1 (50.2 хувь) тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 67.2 (19.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Нийгмийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн онд  3245.3 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 35.3 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 125.5 (5.8 хувь) тэрбум, ЭМДС-гийн зарлага 85.9 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага өмнөс оныхоос 163.9 (34.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Тэтгэврийн даатгалын сангаас 2021 онд 460.6 мянган хүнд 2304.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 11.4 (2.5 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 125.9(5.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид мөн онд 180.4 мянган хүнд 34 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 65.4 (56.8 хувь) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 10.8 (46.3 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд коронавирусний халдварын улмаас өвчилсөн даатгуулагчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.


Нийгмийн халамжийн сангаас 2021 онд давхардсан тоогоор 2.5 сая хүнд 1971.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оныхоос нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч 93 (3.6 хувь) мянгаар багассан ч олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 389.9 (24.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжихээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл 288 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 4 дүгээр сараас энэ оны 7 дугаар сар хүртэл 100 мянган төгрөг болгосон нь нөлөөлжээ.

Өмнөх оныхтой харьцуулахад мөнгөн тэтгэмж авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 33.8 (2.8 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 402.2 тэрбум (38.2 хувь) төгрөгөөр нэмэгджээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 онд 74.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 15.5 (26.2 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 184.4 тэрбум төгрөг болж 21.6 (13.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 71.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 21.9 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.2 хувь нь ахмад настан, 0.1 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 123.9 мянган хүн хамрагдсаны 52.4 хувь нь асаргааны, 47.6 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байв.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 103 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 4 (4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2021 онд 167.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 69.1(30.9 хувь) мянган хүнээр багассан нь ХНХЯ тус үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой. Өнгөрсөн онд 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 1455.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгожээ.

Холбоотой мэдээ