УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-20 23:12:50

УИХ-ын чуулганы хурал өнөө орой 11 цагт эхэлж, Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын бүтцийн асуудлыг хойшлуулах саналтай байгаагаа хэлээд эхний ээлжинд байнгын хороодын дарга нарыг томилох хэрэгтэй гэв. УИХ-ын дарга М.Энхболд байнгын хороодын дарга нарыг томилох асуудал бол яаралтай биш. Харин Засгийн газрын бүтцийн асуудал бол хугацаа нь дөхсөн асуудал тул шөнө орой болсон гэлгүй хуралдаж байна гэсэн тайлбар хийв.

Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ эхнээсээ хууль зөрчиж ажиллаж эхэлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд Ардчилсан нам Засгийн газрын бүтцийн асуудал дээр зөрүүтэй байр суурьтай байгаа. Мөн байнгын хорооны даргыг томилоогүй байхад Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороодыг хуралдуулж байгаа нь хууль бус гэлээ.

Үүнд Төрийн байгуулалтын байнгын хороог ахалж хуралдуулсан УИХ-ын гишүүн Н.Энхболд хууль зөрчсөн зүйл байхгүй гэсэн нэмэлт тайлбар хийв. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороог ахалж хуралдсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт адил утгатай тайлбар хийсэн юм. Үүгээр чуулганы хуралдаан хэлэлцэх асуудлаа батлав.

Б.Туул

Холбоотой мэдээ