БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ

ДЭЛХИЙД | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2022-01-27 09:45:03

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-аас өнөө өглөө Япон тэнгисийн зүүн тийш харвасан хоёр пуужин богино зайн тусгалт баллистик пуужин байж магадгүй талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.


Штабуудын дарга нарын холбооноос мэдээлснээр, БНАСАУ-ын зүүн нутгийн Хамхун хотын бүсээс 08:00 цагийн орчимд хоёр пуужин харвасан байна.


"Пуужингуудыг Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан хэмээн үзэж байна" гэж Японы Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл гараагүй байна.


БНАСАУ энэ он гарсаар зургаа дахь удаагаа пуужин харваж байгаа нь энэ юм. Үүнд энэ долоо хоногийн эхээр харвасан далавчит байж магадгүй пуужингуудыг оруулсан байна.


“БНАСАУ нэгдүгээр сарын 5-17-ны хооронд баллистик пуужингуудыг дөрвөн удаа туршилтаар харвасан. Мөн мягмар гарагт далавчит пуужин бололтой хоёр пуужинг газраас харвасан” гэж БНСУ-ын цэргийн төлөөлөгч мэдээлжээ.


Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ 2018 оноос түр зогсоосон цөмийн болон тив алгассан баллистик пуужингийн туршилтаа эхлүүлсэн байж магадгүй гэсэн мэдэгдлийг хийсэн юм. Тодруулбал, "БНАСАУ өмнөх өдөр болсон намын хуралдаанаар АНУ-ыг сөрөн зогсохын тулд “хүчин чадавхиа илүү баталгаатай, үр дүнтэйгээр нэмэгдүүлэх бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэх” ёстой гэсэн дүгнэлтэд хүрснийг" нэгдүгээр сарын 20-нд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжилжээ. 

Холбоотой мэдээ