Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг 3 дугаар сард нээхээр бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-28 10:37:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын эхний туршилтын буюу зүгшрүүлэлтийн тээврийг энэ оны 3 дугаар сарын 15-наас эхлүүлэх гэж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар төмөр замын компаниудын үйл ажиллагаатай танилцах үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан мэдээлэв.

Сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК болон "Тавантолгой төмөр зам”, "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөлтэй танилцан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл хангах чиглэл өглөө. Тэрээр, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг энэ 1 дүгээр сард ЗТХЯ-наас техникийн комисс гарч шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэсэн талаар дүгнэсэн”-ийг тэмдэглэн хэлээд, энэ оны 3 дугаар сарын 15-наас галт тэрэгний хөдөлгөөн нээж төлөвлөгөөний биелэлтийг хариуцлагатайгаар ханган ажиллах ёстойг сануулав.




Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг нээж, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлыг дуусгах үүрэг өгөв.


Түүнчлэн зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслийн барилгын ажлыг мөн 3 дугаар сард эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай уулзаж, саналаа танилцуулна. Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийг холбогдох албаныхантай хамтран энэ оны 3 дугаар сарын 15-наас барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгов.

Танилцуулгын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавих явцад төмөр зам барьж байгуулах хүчин чадал бүхий машин механизм, мэргэжлийн боловсон хүчин бүхий төмөр замын зам, барилгын механикжсан ангитай болж дараа, дараагийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх бааз сууриа бүрдүүлж чадсан”-ыг тодотгож байв.

Танилцуулах уулзалтаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэрэгжүүлж буй төслийн ажлын явцыг мэдээлэв. Тус компани одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төсөл, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.




Сайд Л.Халтар, энэ оны 7 дугаар сарын 1 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Түүнээс өмнө тээврийн тариф, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлээр төмөр замын салбарын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, төлөвлөгөөг 2 дугаар сард багтаан яаманд танилцуул. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын ТЭЗҮ-ийг мөн энэ оны эхний улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган мөн оны 5 дугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов. Тэрээр, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссоны дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг энэ оны 9 дүгээр сард бүрэн дуусахын зэрэгцээ байгалийн хүчин зүйл, мал амьтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд анхаарах ёстойг хэллээ. Энэ чиглэлд “УБТЗ” ХНН, орон нутгийн холбогдох газруудтай хамтран ажиллах  шаардлагатай байгааг онцлов.    



Холбоотой мэдээ