Б.Ангирмаа: Дууг минь урлаж бүтээдэг яруу найрагч, амилуулж дуулдаг дуучиддаа баярлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-01-28 15:10:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. 


Тэрбээр “Киви" хамтлагийг үүсгэн байгуулж продюсерээр нь ажилласан бөгөөд монголчуудын сэтгэлд хоногшсон олон сайхан дууны хөгжмийг зохиож, 1998 онд “68”, 1999 онд "My Love Songs", 2000 онд “Angel”, 2017 онд өөрийн шилдэг дуунуудаас бүрдсэн "Өнгө аяс", “Удахгүй ээ” зэрэг цомог гаргажээ. Мөн 2018 онд "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоо толилуулсан юм.

"Дуучин чамдаа", "Сэтгэл догдлуулсан орой", "Нутгийн агаар", "Чиний харцанд", "Намайг эзэмдэх чиний сэтгэл", "Чиний явсан намар", "Итгэл өгөөч наддаа", "Эрдэнийн сарнаас чи минь тодхон”, “Зөвхөн энэ л шөнө бүү яваач”, “Сарны сонат”, “Хайрын цонх” зэрэг олон сайхан дуу зохиожээ.


Шагнал гардсаных нь дараа түүний сэтгэгдлийг хуваалцахад тэрбээр, "Өнөөдөр зөвхөн баярлалаа, гялайлаа гэдэг үгийг хэлмээр байна. Давын өмнө төр засагтаа их гялайлаа, түмэн олондоо маш их баярлалаа. Дуу дөрвөн жигүүртэй байдаг. Дууг минь урлаж бүтээдэг яруу найрагчиддааамилуулж дуулдаг дуучиддаа мэхийн ёсолъё. Дууг минь гоёж чимдэг, хөгжимчид, хөгжмийн найруулагчид, студийн хамт олондоо, алтан шавь нартаа баярлалаа. Би өнөөдөр өөрийнхөө хийсэн бүтээснийг хэлэх нь илүүц биз. Монголын рок попын хамт олон, найз нөхөд, багын найзууд, ангийн хамт олон, Архангай аймгийн уугуул иргэддээ, Монголын ард түмэндээ дахин дахин баярлалаа. Дээд тэнгэрээс аав, ээж минь харж байгаа. Нэрт зүтгэлтэн Х.Чойбалсан гуайн зээ, миний багын найз, мөнх бусыг үзүүлсэн З.Халиунаа маань харж байгаа. Намайг өсгөж торниулж бойжуулж урлагт хайртай болгосон гэр бүлдээ баярлалаа. Та нар бол миний амьдралын хүч. Монголын рок попын ахмад үе байхгүй байсан бол бид байхгүй. Тиймээс өндийж цэцэглэж яваа залуу уран бүтээлчиддээ хэлэхэд, ахмад үеэ хүндэлж яваарай гэж захимаар байна" гэсэн юм.



Холбоотой мэдээ