Шийдвэрийн хэрэгжилтийн асуудлаар шуурхай уулзалт болов

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2022-01-28 16:56:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг төрийн албанд гаргахаас урьдчилан сэргийлж, авлигын индекс, хүнд суртлыг бууруулах талаар явуулж буй олон талын үйл ажиллагааны нэг нь Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс гаргасан 411 дүгээр тогтоолын хэрэгжилт билээ.


Иргэдэд төрийн алба хаах адил тэгш боломж олгохын зэрэгцээ төрийн албанд мерит зарчмыг баримтлан томилгоо хийснээр өсөлт, бүтээмж, үр дүн, гүйцэтгэлд суурилсан сайн засаглал бүрдүүлэх зорилтод дээрх шийдвэр бүхэлдээ чиглэгдсэн.


Төрийн албаны томилгоо, түүний дотор “КОВИД-19”-ийн үед гаргасан томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрүүдийг судлан шалгаж, хуульд заасан шаардлага хангаагүй албан тушаалтны томилгоог хүчингүй болгох үйл явц уг ажлын хүрээнд үе шаттай явагдаж байна.


Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын явц байдал, хэрэгжилтийн мэдээлэл тайланг нэгтгэн ирүүлэх асуудлаар яам, агентлаг, ТАЗ-ийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим төрийн байгууллагын Тамгын газар, Захиргаа, удирдлагын газар, хэлтсийн удирдлага, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудыг оролцуулсан цахим уулзалт боллоо.


Тогтоолын хэрэгжилт эрчимтэй явагдаж, иргэд, олон нийтийн дэмжлэг хүлээж байгааг тэмдэглээд үр дүнг хугацаанд нь дүгнэх шаардлагатай байгааг чиглэл болгосон байна. Түүнчлэн 411 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл, тодорхой аргачлал, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгөв.

Холбоотой мэдээ