Шаамар сумын Дулаанхаан тосгоны хамтарсан баг шилдгээр шалгарчээ

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-01-28 22:30:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Шилдэг салбар зөвлөл, шилдэг байгууллага, шилдэг хамтарсан баг” болзолт уралдааныг оны өмнө зохион байгуулсан юм.

Энэхүү уралдааныг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан бөгөөд энэ сарын 28-ны өдөр шилдгүүдээ тодруулжээ. Уралдааны шалгаруулалтыг сумдын ГХУСАЗСЗ-өөс болзолт уралдааны хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг 12 үзүүлэлтээр, аж ахуйн нэгж, байгууллагын зохион байгуулсан ажлын тайланг 9 үзүүлэлтээр, хамтарсан багийн болзолт уралдааны хүрээнд хийсэн ажлын тайланг 6 үзүүлэлтээр тус тус харгалзан дүгнэсэн аж.

Ингээд уралдааны “Шилдэг хамтарсан баг”-аар Шаамар сумын Дулаанхаан тосгоны хамтарсан баг тэргүүлж, Мандал сумын 6-р багийн хамтарсан баг, Орхон сумын хамтарсан баг тус тус удаалжээ. Харин “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ээр тэргүүн байрт Сайхан сумын 3 дугаар цэцэрлэг шалгарч, Алтанбулаг сумын 1 дүгээр цэцэрлэг, Орхон сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус удаалжээ.

Мөн уралдааны “Шилдэг салбар зөвлөл”-өөр Мандал сумын салбар зөвлөл тэргүүлж, удаах байруудад Сүхбаатар сумын салбар зөвлөл, Хүдэр сумын салбар зөвлөл тус тус шалгарч, шагналаа гардан авчээ. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Нарантуяа болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд гардуулан өгсөн байна.

Энэхүү уралдааны гол зорилго нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах. Сумдын салбар зөвлөлүүдийн болон хамтарсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах. Цаашлаад иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэжээ.  

Холбоотой мэдээ